News.mn сайтад сэтгүүлч С.Баттулгын ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын эхнэр Ү.Сарнайтай ярилцлагыг нийтэлжээ.
Энэхүү ярилцлагын онцлох эшлэлийг хүргэе.
Манай хүн болон бусад хүнд прокуророос “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн”, “Эрүүдэн шүүсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцээд “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” гэдгийг нь хэрэгсэхгүй болгож, “Эрүүдэн шүүсэн” гэдэг үндэслэлээр манай хүнд хорих ял оноосон. Тэр өдөр би нөхрөө дагаж 409 дүгээр хаалттай хорих анги дээр очсон. Биеийн байдал нь сайн байгаа. Өөрөө ч энэ бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан.
- Улсын Ерөнхий сайд нь Хууль зүй, дотоод хэргийн сайдтайгаа хамт “Мартын 8”-аар хаалттай хорих ангид очиж, тэр Т.Чимгээ гэдэг эмэгтэйтэй уулзсан. Т.Чимгээ нь сэтгүүлчдийн өмнө ил гарч “Би бол хэлмэгдсэн хүн” гэх мелодрамын гол дүрд тоглосон. Түүний дараахан “Т.Чимгээг тэд ингэж л эрүүдэн шүүж, тамлаж байж” гэдгийг харуулахын тулд гүйцэтгэх ажлын бичлэгээс хэсэгчилж үзүүлсэн.
- Т.Чимгээгийн ах нь Сүхбаатарын талбайд “Халдашгүй дархан эрхтэй”-ээр өлсгөлөн зарласан. Шүүх хурал болохын өмнөх өдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Т.Чимгээгийн ахын майхан руу мөлхөж очоод уулзсан. Яг энэ уулзалтын маргааш манай хүнд хорих ял оноосон. Энэ бүхнийг урьдчилж төлөвлөсөн улс төрийн зохион байгуулалттай сценари гэхээс өөр юу гэх вэ. Үнэнийг хэлснийх нь төлөө өөрт нь хонзогносон бүлэглэлийнхний дэглэсэн энтертайнмент улс төр ингэж өрнөнө гэдгийг манай хүн хэдийнэ мэдэрчихээд сэтгэл зүйн болон хувийн бэлтгэлээ хийчихсэн байсан.
- Цүнхтэй хувцас, ном, эм сэлтээ машиныхаа багажинд хийчихсэн байсныг нь би хорих анги руу хамт явах гэж байхдаа мэдсэн. Үнэхээр цочирдсон. Харин манай хүн “Миний хайрт санаа зовох хэрэггүй ээ” гээд ер бусын тайван байсан даа. Манай хүнийг 2019 оны хавар бас нэг сар саатуулсан шүү дээ. Тэр үед би гадаадад байж таарсан.
Харин манай хүн том хүүгийндээ байсан юм. Хуулийн байгууллагын хоёр ажилтан зарлан дуудах өгөх гэж ирэхэд нь “Дулаан хувцсаа авах уу, яах вэ” гэж асуусан, нөгөө хоёр нь гайхаад “Бид мэдэхгүй шүү дээ. Зарлан дуудах л өгөх гэж ирлээ” гэсэн, харин манай хүн хүүгээсээ дулаан хувцас авангуутаа “Дайгдаад явчихъя” гэж хэлээд хамт явсан нь камерт бичигдэн үлдсэн байдаг. Түүнээс биш зарим хүн шиг оймсдуулж, бөхчүүдээр хамгаалуулаагүй. Манай хүн хууль, шүүхийн байгууллагын ажилд маш хүндэтгэлтэй ханддаг. Бид ч “Үнэн ялна” гэдэгт итгэж, өдийг хүртэл дуугүй байлаа.
- Манай хүн хорих анги дээр өөрөө очсон. Бүх зүйлээ бэлтгэчихсэн учраас шүүх хурлын шийдвэр гармагц “За, хайрт нь явъя даа” гээд өөрийнхөө машинаар 409 дүгээр хорих анги дээр очсон. Мэдээж хэрэг, би, бас найзууд нь хамт явсан.
- Хорих ангийн үүдэнд очиход хоёр ажилтан нь нүд нь орой дээрээ гарах шахам гайхчихсан гарч ирсэн. Харин манай хүн “Эргээд ирлээ” гэсээр машинаасаа буусан. Ийм л явдал болсон юм.
Үнэнийг хэлэхэд, би зурагт ч үзэхгүй байгаа. Тийм учраас Ц.Нямдорж манай хүний талаар дахиад юу гэж худлаа ярьсныг мэдэхгүй юм.
Гэхдээ та бод доо. Б.Хурц гэдэг хүнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх ямар сонирхол, шаардлага байх вэ. Тэгээд бүр зохиол бичээд үү. Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг.
- Манай хүний эсрэг улс төр ид өрнөж, “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэсэн биш гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихлээ. Тэдэнд хилс ял тулгаж, эрүүдэн шүүжээ” гэх мэдээллийг Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Төрийн ордонд хийж, өдгөө ял эдэлж буй хүмүүсээс болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байсан шүү дээ.
- Түүний дараахан “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронгийн камерт тамлаж, ялтнуудаар дарамтлуулсан юм байна” гээд бичлэгийг нь дэлгэсэн. Мэдээж хэрэг, “Энэ бүхний гол зохион байгуулагч, буруутан нь Б.Хурц” гэж зарласан. Тэгэхэд би нөхрөөсөө асууж байсан юм. “Та нар энэ хүмүүсийг үнэхээр хэлмэгдүүлчихсэн юм биш биз. “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх нэрийдлээр улс төрийн хэлмэгдүүлэлт явууллаа” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл юу яриад байна вэ. Арай тийм аймшигтай зүйл хийгээгүй биз дээ” гэж. Харин манай хүн өөдөөс “Тэднийг хэлмэгдүүлээд барьж хориод эрүүдэн шүүх ямар шаардлага надад байх вэ” хэмээн маш тайван хариулсан.
- Энэ явдлаас хойш би хэргийн талаар дахиж юу ч асуугаагүй. Учир нь манай хүн төрийн нууц хадгалах тангараг өргөсөн тагнуулч.
- Хэдийгээр надад маш олон эргэлзээ байгаа ч 23 жил улс төрийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас гаргах ёстой. Манай хүн ч тийм хүсэлтэй байгаа.
С.Зоригийг хөнөөсөн хэргээс гадна “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргавал олон зүйлийн учир зангилаа тайлагдана. Тийм учраас би эдгээр хэргийг улсын нууцаас гаргуулах хүсэлтээ төр засаг, холбогдох албаныханд тууштай гаргасаар байх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэрхэн хэлэлцэж, тэдгээр хүмүүсийг ямар нотлох баримтад үндэслэн ялласныг ард түмэнд ил болгох хэрэгтэй. Гүйцэтгэх ажлын явцад тэдний гэм буруутайг нотлох ямар ноцтой баримтууд цугларсан юм бэ. Тэр л чухал шүү дээ.
Анхан, давж заалдах, Улсын Дээд шүүх дээр энэ хэргийн гүйцэтгэгчид гэх хүмүүс хэргээ хэрхэн хүлээж, гэрчүүд юу гэж мэдүүлж, прокурорууд ямар нотлох баримтад үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Түүнээс биш бичлэг тасдаж цацсанаараа хэдэн улстөрчид хожиж, албан тушаалаар шагнуулаад байх нь шударга бус. Ер нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хүсэл үе үеийн эрх баригчдад байсан уу гэдэг ч эргэлзээтэй. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллахдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө яг юу хийсэн юм бэ. Ёстой хуруугаа ч хөдөлгөөгүй нь үнэн биз дээ. Ж.Батзандан, Лу.Болд хоёроор “Хүүхэлдэй” хийж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн хэргийг замхруулчихаж байгаа юм биш үү. Т.Чимгээгийн ахтай Сүхбаатарын талбайд очиж уулзахдаа “Захиалагчийн хэргийг хаасан” гэж ярьсныг нь сайтууд мэдээлсэн байна лээ.
- Бүхэл бүтэн 23 жилийн туршид илрүүлэх хүсэлгүй байсан атлаа гүйцэтгэгчдийг нь илрүүлэхэд сандралдаж, захиалагчийнх нь хэргийг мөрдөн шалгахад саад хийж, ажил үүргээ гүйцэтгэсэн тагнуул, прокурорынхонд “Эрүүдэн шүүсэн” гэх хилс ял тулгасан хүмүүс үнэнийг ил болгож чадна гэж үү. Би хувьдаа итгэл муутай байна. Үсрээд хэдэн бичлэг тасдаж цацан нийгмийг айдаст автуулж, сонгуулийн шоу хийснээр энэ хэрэг дахиад замхрах биз.
“Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг бол манай хүнд зориулж улстөрчдийн бичсэн зохиол. Би ингэж л хэлнэ.
Тэр бичлэгийг та бид бүгдээрээ үзсэн. Гэхдээ Б.Хурц шоронгийн камерт хүн тамлаад эрүүдэн шүүж байхыг тэр бичлэгээс хэн ч хараагүй. Тэгээд яахаараа “Эрүүдэн шүүсэн” гэх хэргээр буруутгаж ял оноодог юм бэ.
- Дахин хэлэхэд, хэн нэгнийг эрүүдэн шүүнэ гэдэг маш буруу, хэзээ ч ямар ч тохиолдолд ийм балмад бурангуй үйлдэл гаргаж болохгүй. Тэр хэргийн тухайд, “Хаана хэн ямар алдаа гаргав” гэдгийг шалгаж нягтлаад явж байтал Ц.Нямдорж “Монголд урьд өмнө нь ийм аймшигтай яргалал гарч байгаагүй” гэсэн.
- Эсрэгээрээ “Ц.Нямдоржийн Эрүүгийн “хар” хууль” гээчийн балгаар Монгол шоронжсон улс болсон түүх саяхных.
- Гар утас хулгайлсан хүнд арван жилийн хорих ял оноогоод л, тийм биз дээ. Бас тэр эрүүдэн шүүх сандлыг өч төчнөөнөөр захиалсан “Цаад эзэн”-ээр хүмүүс Ц.Нямдоржийг нэрлэж байсан. Одоо ч тэгж хэлж, бичиж харагддаг. Ёстой жинхэнэ яргалал үйлдэх зориулалттай сандалнуудыг ийнхүү оруулж ирж, мөрдөн байцаалтад ашиглахыг Х.Тэмүүжин болиулсан санагдана.
- Гэтэл Ц.Нямдорж нэг их өрөвч царайлж уйлан донгодоод байгаа нь хэр зохимжтой юм бол.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Т.Чимгээгийн судсаар мансууруулах бодис шахсан” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээгийн охины амийг бараг л зохион байгуулалттайгаар хөнөөсөн мэт мэдээллийг олон нийтэд өгсөн нь тун хариуцлагагүй үйлдэл.
- Ерөнхий сайдын мэдэлд тагнуул, Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяанд цагдаагийн байгууллага бий. Тэр яриад байгаа зүйлээ хуулийн дагуу шалгуулаад гэм буруугийн явдлыг нотлох баримтаар тогтоох ёстой гэдгийг надаас илүү мэдэх ёстойсон.
Би тэр төлөвлөгөөг хэвлэлээс харсан. “Б.Хурц нарын шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 08. Шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, ингэснээр цагдан хорих, эсвэл шүүхийн харьяалал өөрчлөх, хэрвээ шүүсэн нөхцөлд хэргийг С.Зоригийг хөнөөсөн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх” гэсэн схем байсан шүү дээ.
- Г.Эрдэнэбат энэ схемийг улс төрийн нөхцөл байдалтай холбож анализ хийгээд “Бидний есөн хүнийг “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэгт холбогдуулах нь анхнаасаа зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй өрнөсөн юм байна” гэж хэлсэн болов уу. Үнэхээр ч үйл явдал тэр дагуу өрнөж байна.
- Тагнуулч байна гэдэг хувь тавилан. Төрийн нууц хадгална. Энэ бол няцаж ухрах ёсгүй тангараг нь. Тагнуулч хүнд “Миний, хувийн” гэх зүйл байхгүй. Бие нь, сэтгэл нь, зүрх нь, хамаг амьдрал нь эх орных байдаг. Тагнуулч хүн диплом горилдоггүй. Тагнуулч болох хүмүүсийг удам судраас нь эхлээд эд, эсээр нь судалж, сонгож, бэлтгэдэг юм.
- Диплом өвөртөлсөн болгон тагнуулч болчихдог юм биш. Тагнуулчийн чадварыг дипломоор хэмждэггүй. Яагаад гэвэл, энэ чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон байгууллага шүү дээ.
Хулхи ч гэнэ үү, хуурамч дипломтой ч гэнэ үү, манай хүнийг олон жил гутаан доромжилсон. Одоо ч үргэлжилж байна. Харамсалтай нь тэд үнэнд гүйцэгдсэн шүү дээ.
- АН-ыг хагалж, сонгуульд ялагдахад нь түлхэц үзүүлж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэрэг биш болгохын төлөө хамгийн их орилж, Ц.Нямдоржийн гар, хөл болсныхоо шагналд Ж.Батзандан Австралид Элчин зөвлөх, Лу.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болж Ерөнхийлөгчөөс шагналаа авсныг энд хэлэх хэрэгтэй байх.
- Ц.Нямдорж өөрийгөө Монголын хамгийн мундаг, шударга, боловсролтой хуульч мэтээр өргөмжилдөг. Харин түүнийг таньж мэдэх хүмүүс “Энэ Ц.Нямдорж “Ленинградын их сургуулийн хуулийн ангийг төгссөн” л гэдэг. Гэсэн хэрнээ оросоор огт ярьдаггүй нь хачирхалтай” гэж ярьдаг нь нууц биш.
Хүнийг хайрласан шиг хайрладаг, хэлсэндээ байж чаддаг, зовж, ядарсан найз нөхдөдөө сэтгэлийг нь дүүртэл тусалдаг, тийм л өгөөмөр хүн. Аав, ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүдээ дүүрэн жаргалтай байлгаж чаддаг, жинхэнэ эр хүн. Хүүхдүүдээ их эрхлүүлнэ, хамт тоглоно. Харамсалтай нь улстөрчид нийгэмд “Яргачин Б.Хурц” гэж манай хүнээс тэс өөр, шал эсрэг зохиомол дүрийг өөрсдийнхөө хүсэл, зоргоор бүтээчихээд ард иргэдийн тархийг олон жил угааж байна.
Гэр бүл, ойр тойрныхон нь “Манай Б.Хурц тийм хүн биш ээ” гэж мянга хэлээд ч нэмэргүй тийм л зузаан “хөрс”-ийг бүрдүүлж, үр дүнд нь хорих ял оноолгож чадлаа.
“Шударга бусын хонгил” л гэнэ. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын үеэс схемийг нь бүрдүүлсэн энэ хонгилын хамгийн том золиос бөгөөд хохирогч нь манай хүн.
Харин манай хүн л насан буурал аав, ээж, алаг үрсээ орхиод Ц.Нямдоржийн шоронд орлоо доо.
- Б.Хурцын эсрэг хурц тавилттай улстөржилтийн сценари олны нүдэн дээр ил өрнөсөн. Одоо ч мөн адил. Жирийн иргэд биш юм гэхэд улс төрийн хүрээнийхэн бүгд л үүнийг гадарлаж байгаа. Зарим нь доторлох ч байх. Юм гэдэг учиртай шүү дээ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай хүнийг “Хар сав”-нд далд хийж авдаг нь санамсаргүй явдал огтхон ч биш. Үйл явдал яаж эхэлсэн, “гал” хаанаас ассан, хэрхэн өрнөсөн, манай хүний эсрэг хэн хэзээ яаж хөдөлсөн бэ гээд ерөнхийд нь зураглаж харвал хэнд ч ойлгомжтой бус уу.
Манай хүн ТЕГ-ын дарга байхдаа хэвлэлийн бага хурал хийж “Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагаас дандаа салгасан байдаг. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах ёстой. Гэтэл өнгөрсөн 19 жилийн хугацаанд арван удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан шүү” гэж мэдэгдсэн. Тэр ч байтугай “Ц.Нямдорж ерөөсөө хоёрхон л сэдэвтэй. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Хүү Н.Анхбаяраараа “Эрдэнэт”-д шахаа хийлгэдэг. Хуурай дүү С.Анхбаяраараа дамжуулж, 42 сая ам.долларын бараа материал шахсан” гэх утгатай мэдээлэл хийсэн нь Ц.Нямдоржид зуугдах шалтгаан болсон байх.
“Хятадын тагнуул”-ын хэргийг ТЕГ шалгаж байсан нь ч бас нэрмээс болсон болов уу. Тэр хэвлэлийн бага хурлын дараа Ц.Нямдорж Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ТЕГ-ын даргыг удахгүй солино” гэж хэлсэн. Удалгүй манай хүн ч ажлаа өгсөн.
Манай хүн Германд суллагдсан тэр өдөр бол 2011 оны есдүгээр сарын 16-ны өдөр байсан юм. Удалгүй манай хүн Сөүлд бидэн дээр ирээд эмнэлэгт үзүүлж хэсэгтээ байлаа. Яг тэр үед тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд Сөүлээр дамжин Монгол руу нисэх гэж байгааг мэдсэн юм. Ингээд “Нислэгээ хойшлуулдаг ч юм билүү” гэтэл экс Ерөнхийлөгчтэй хамт явж байсан хүмүүс “Ямар хамаатай юм бэ. Явдгаараа яваач” гэсэн. Үнэнийг хэлэхэд, бид тэр үед маш хэцүү нөхцөлд ч гэж хэлмээр юм уу, тийм байдалд ирсэн.
- Учир нь бага охин маань улаан нялзрай. Чих нь өвдсөн үү, яасан онгоцонд уйлаад ер зогсохгүй байсан. Онгоцны үйлчлэгч нар сандралдаад л. Удалгүй Монголдоо газардсан. Онгоцны буудал дээр баахан сэтгүүлч, зураглаачид цугларчихсан байсан тул бид Ерөнхийлөгчийг тосохоор ирсэн төрийн хамгаалалтын машинуудыг дагаж гэрийн зүг давхицгаасан даа. Экс Ерөнхийлөгчтэй онгоцонд тааралдсан түүх ийм юм.
Бид хоёр ханилаад 32 жил болж байна. Энэ хугацаанд манай хүн хаана л явна, тэр газраасаа байнга холбогддог байсан. Гэтэл тэр өдөр гэнэт таг чиг болчихсон. Би ч гайхаад урьдын адил утас дуугарахыг хүлээгээд л байлаа. Гэсэн ч чимээ алга. Ингээд л “Юу болов” гээд асууж сураглаад Лондонд саатуулагдсаныг нь мэдсэн. Тэр үед манай хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын хувьд Англи улс руу албан томилолтоор явсан юм. Дипломат паспорттой зорчиж явсан шүү дээ. Гэтэл тийм явдал болсон. Хоёр улсын хооронд дипломат маргаан ч дэгдсэн.
- Би хувьдаа “Монголоос тэр тухай мэдээллийг дамжуулсан” гэж харддаг. Энэ хардлага үнэний ортой байж магадгүй. Учир нь манай хүнийг Монгол дахь Английн ЭСЯ-аас анх виз хүсэхэд нь соёлтойгоор татгалзаж болох байсан. Гэтэл тэгээгүй, виз өгсөн. Виз өгөнгүүтээ Англи руу мэдээлсэн. Манай хүнийг Лондонд газардахад нь саатуулсан. “Аэрофлот”-ын онгоцноос буух гэж байхад онгоцыг нь нэлээд удаан зогсоосны эцэст маш олон хүн орж ирж авч явсан юм. Ёстой кино шиг үйл явдал болсон.
- Гэхдээ хууль бус л даа. Олон улсын хуулиар “Өөр орны авиакомпанийн онгоцонд ийм ажиллагаа явуулна гэдэг тухайн улсын хуулийг зөрчсөнөөс ялгаагүй” гэж тооцдог. Нэг ёсондоо, Английн хууль хяналтынхан ОХУ-ын агаарын хилийг зөрчсөн гэсэн үг. Харин манай хүнтэй холбоотой мэдээллийг цааш нь дамжуулсан нь тухайн үеийн Английн Элчин сайд, хөүм оффисийн ажилтан, Английн ГХЯ-ны нэгэн ажилтны хамтарч хийсэн ажил. Английн тал манай хүнийг саатуулсан явдлаас болж Монгол дахь Элчин сайдаа 24 цагийн дотор яаралтай татсан нь ч ийм учиртай. Уг нь англичууд манай хүнийг баривчлангуутаа Германы талд шилжүүлэх ёстой байсан. Гэсэн ч шилжүүлээгүй. Яагаад гэвэл, Монголын Засгийн газар “Дипломат паспорттой, халдашгүй эрхтэй хүнийг баривчилсан.
- Танай улсын хууль хяналтынхан Б.Хурцыг баривчлах ёсгүй. Хүнээ авъя. Та нар энэ хүнийг Германы талд шилжүүлж болохгүй” гэсэн зарга үүсгээд Английн Засгийн газрыг шүүхэд өгсөн. Монголд ажлын хэсэг ч байгуулсан. Түүнээс биш “Б.Хурц Европоос хүн хулгайлсан” гэдэг асуудлыг хэлэлцэх шүүх хурал Лондонд огт болж байгаагүй. Харьяалал нь ч биш.
Шүүх хуралдаан яагаад нэг жил үргэлжилсэн бэ гэхээр, тус улс жишгийн хуультай. Тиймээс жишгийн хуулиасаа шалтгаалж, тэгж олон удаа хуралдсан юм. Хамгийн сүүлд болсон Дээд шүүхийн хуралдаан дээр шүүгч нь ГХЯ-аа буруутгасан. Яагаад гэвэл, түрүүнд миний нэр дурдсан гурван хүний хоорондоо харилцаж байсан и-мэйл нь гарч ирсэн. Үүнээс болж Английн ГХЯ ч маш эвгүй байдалд орсон. Эцсийн эцэст энэ нь төрийн байгууллагын доод шатны ажилтнуудын алдаа байсан нь нотлогдсон юм. Английн тал ч алдаагаа хүлээн зөвшөөрч, манай хүнийг 11 сар саатуулсны эцэст Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан.
- Манай хүн Германд нэг сар болсон. Тус улсын хууль хяналтынхан манай хүнийг яагаад сулласан бэ гэвэл, баривчилгаа нь хууль бус байсан. Хууль үйлчилдэг газарт баривчилгаа нь хүртэл зөв байх ёстой байдаг юм байна. Түүнээс биш хүмүүсийн ярьж, бичээд байдагчлан Ц.Элбэгдорж Ангела Меркель рүү утсаар яриад шийдүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Үүнийг бас залруулаад хэлчих нь зүйтэй байх.
Манай хүний нэр нь Б.Хурц. Эргэн тойронд нь үүсч буй асуудлууд ч мөн хурц.
- Дамирангийн Энхбат агсан тухайн үед бусдынх нь нэрийг тогтоож амжаагүй юу, “Хурц” гэдэг содон нэрийг л сайн тогтоож авсан юм шиг байгаа юм. Тэгээд мэдүүлэгтээ “Хурц” гэж нэр заасан. Тийм учраас төдийгөөс өдийг хүртэл манай хүнд хонзогносон улстөрчдийн тархи угаалтын сэдэв нь энэ хэрэг болсоор ирсэн.
- С.Зоригийг хөнөөсөн хэргээс дутахгүйгээр улстөрчдөд олз болж, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, тагнуулч Б.Хурцаас өс хонзонгоо авах зэвсэг болж байна.
Нөхөр маань сая хоригдохоосоо өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анх болсон процессийн тухайд, намайг Унгар дахь Монголын ЭСЯ-д нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад “Монголоос Д.Энхбатыг баривчлах гэж төвөөс хүмүүс ирнэ. Д.Энхбат тийм газар байх шиг байна. Улаанбаатар руу авч явахад нь тэр хүмүүст туслах хэрэгтэй” л гэсэн. Миний оролцоо Францаас барьж, Монгол руу нисгэх хүртэл үргэлжилсэн. Юун тэр эрүү шүүлт” гэж тодорхой дурдсан шүү дээ.
- Тэгэхээр Д.Энхбатыг Монголд авчрахад нь хүлээж аваад эрүүдэн шүүсэн нь үнэн бол ШШГЕГ, цагдаагийнхан л хариуцна.
- Энэ талаар өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Л.Санжаасүрэн гуайгаас асуусан нь дээр байх. Хэрэг явдал өрнөж байх үед Л.Санжаасүрэн гуай “Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн байна шүү дээ” гэдэг асуудал гаргаж тавихад Ц.Нямдорж занасаар байгаад шоронд суулгасныг хэвлэлүүд мэдээлж л байсан. Л.Санжаасүрэн гуай энэ тухай захидал хүртэл бичиж, олон нийтийн сонорт хүргэсэн биз дээ. Гэтэл “Эрүүдэн шүүсэн” гэх асуудлыг сөхөж тавьсан өмгөөлөгчийг шоронд хийлгэсэн Ц.Нямдорж өнөөдөр шал өөр дүрд тоглоод сууж байна.
- 2019 оны хавар, 2020 онд, сая нөхрөө хоригдоход энэ тухай хүсэлтээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын даргад илгээсэн. Бараг гурав дахь удаагаа тэдэнд ийм хүсэлт тавив уу даа. Гэвч ямар ч хариу ирээгүй. Намайг ийм хүсэлт, шаардлагыг төр засагт тавихаас өмнө манай хүн 2017 оны арванхоёрдугаар сард тухайн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд “Д.Энхбатын хэргийг улсын нууцаас гаргаж өгнө үү” гэдэг хүсэлтийг бичгээр өгч байсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй.
- Д.Энхбат агсантай холбоотой хэрэг одоо болтол улсын нууц. Тийм учраас манай хүн Монголд авчирсных нь дараа тэр хүнд юу тохиолдсоныг огт мэдэхгүй. “Улсын нууцаас гаргаад өгөөч” гэсэн ч таг чиг. Хяслантай биш үү. Тэгсэн хэрнээ Ц.Нямдорж “Д.Энхбатыг хулгайлж авчирсан хүн чинь Б.Хурц” ч гэж байх шиг. Тэр хүн яагаад ингэж улсын нууц задруулаад суудаг юм бэ.
Төрд байгаа хэд Ц.Нямдоржийн “Хар дэвтэр”-т бүгдээрээ багтчихаагүй бол улсын нууцыг улаан цайм задруулаад улстөржиж суухад нь яагаад ямар ч хариуцлага тооцдоггүй юм бэ. “Надад эрүүгийн таван хэрэг үүсгэсэн” гэж Ц.Нямдорж өөрөө хэлж байсан. Тэр хэргүүд нь хаана очоод замхарчихдаг юм бэ. Хачирхалтай биш үү.
"Манай хүн найз нөхдөөр баян хүн” гэж. Тэгээд ч хувь хүний характер нь хэн нэгэнтэй өс зангидах нэгэн биш. Яривал ярьчихдаг, хэлбэл хэлчихдэг, ийм л эр хүн. Харин ажил алба нь ёстой л нэр шиг нь хурц асуудал дагуулдаг гэхэд болно. Тагнуул, хуулийн байгууллагын ажил ер нь хэцүү.
Манай хүнээр оролдсоор л байсан. Яаж вэ гэхээр, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч байхдаа онгоцны зорчигчдын илүү ачааны төлбөрийг завшсан байж болзошгүй” гээд дахиад шалгасан. Бүр хоёр сая ам.долларын асуудлаар гээд бод доо. Арай ч дээ. Онгоцоор тээвэрлэх тэр их ачааны мөнгийг нэгтгэж тооцвол том тоо гарах нь тодорхой. Хэдийгээр манай хүн мөнгөтэй харьцдаг ажил хийж байгаагүй ч энэ хэргээр бүтэн жил шалгуулсан. Бид тэр үед бас л юу ч дуугараагүй. “Нэгмөсөн шалгуулъя. Сайн шалгаад өгөөсэй” л гэж бодоцгоож байсан. Хууль хяналтынхан манай гэрийг хоёр удаа нэгжсэн. Лав нөгөө хоёр сая ам.доллароо хайгаагүй. Өөр ноцтой юм л хайсан байх. Би тэгж харддаг.
Бид хуулийн байгууллагынхны ажилд маш хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэтэл тэр өдөр АТГ-ын мөрдөн байцаагч миний хувийн дансны хуулгыг өмнөө тавьчихаад маш хүйтэн харьцахад нь би дургүйцсэн.
- Прокурорын зөвшөөрөлгүйгээр хувийн дансны хуулгыг маань гаргаж өгсөнд би тухайн банкуудад гомдол мэдүүлж байлаа. Ер нь манай хүнийг шалгах, манайхыг нэгжих нэрийдлээр хууль зөрчсөн олон үйлдэл гаргасан. Яривал их юм бий.
Тэр нээлттэй сонсгол бол манай хүний эсрэг хийдэг нөгөө л суртал ухуулгын нэг хэсэг байсан.
- Төрийн ордны нэг танхимыг энтертайнмент улс төрийн тайз болгож, хөлсний этгээдүүдийг олны хэсэгт тоглуулсан жүжиг. Хэн дэглэж, найруулсан нь ч ойлгомжтой.
- Манай хүнийг харлуулах хууль бус ажиллагаа байсныг учир мэдэх хүмүүс бүгд л ярьцгааж байсан. Ер нь Б.Хурцаас зуурч “од” болох гэсэн попууд, Б.Хурц руу ноцож мөнгө олох гэсэн хөлсний арми цаагуур чинь дүүрэн байгаа юм биш үү. Төв аймгийн шүүхийн гадаа юу боллоо. Хэн хэн гэдэг хөлсний этгээдүүд хэний захиалгаар тэнд очиж, өдөр, шөнөгүй хашгичлаа. Дэндүү тодорхой биш үү. “Татвар”-ын Д.Энхбат гэдэг хүнийг бид танихгүй. Гэтэл энд, тэнд очоод худлаа ярьж, элдвээр гүтгээд явдаг. “СарнайХ” компанид 200 гаруй сая төгрөгийн торгууль тавьж төлүүлснийхээ төлөө би хэлмэгдэж шоронд орсон” гэж гүтгэсэн. Үнэндээ ТЕГ-аас шалгалт хийж, 70 гаруй сая төгрөгийн торгууль тавихад бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 11 сая төгрөг болгон шийдвэрлэж байсан юм.
- Д.Энхбат удаа дараа ийм гүтгэлэг явуулсан учраас манай хүн шүүхэд хандаж, гүтгэлгийн хэрэг байсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2019 онд тогтоогдсон.
- Гэвч тэр Д.Энхбат гэдэг хүн одоо болтол уучлалт гуйгаагүй. Уг нь манай компанийг татварт ямар хэмжээний өртэй байсан, тийм акт тавиулсан эсэхийг татвараас лавлагаа аваад шалгачихаж болно. Ер нь тэр хүний гүтгэсэнчлэн манай компанид татвараас 200 гаруй сая төгрөгийн торгуулийн акт огт тавьж байгаагүй. Тийм явдал болоо ч үгүй. Үнэхээр тийм торгууль тавьсан юм бол тэр мөнгө нь хаашаа орсон бэ, Д.Энхбат тийм мундаг ажилласан юм бол “Манай компаниар төлүүлсэн” гэх 200 гаруй сая төгрөгийг яг яасан бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Д.Энхбатын хувьд, цагдаад ажиллаж байгаад татварт очсон юм шиг байна лээ. Тэгээд татварын талаар ойлголт муутай. Гэхдээ манай хүний талаар их эвгүй гүтгэлэг зохиож ярьсан л даа.
“Шоронд хоригдож байхад нь Б.Хурц эхнэрийг нь “Централ тауэр”-т дуудаж уулзсан” гээд. Түүн шиг худлаа юм байхгүй.
- Д.Энхбатын эхнэр сонинд ярилцлага өгч манай хүн рүү дайрч л байсан. Бид тэр ярилцлагыг нийтэлсэн сонинд зарга мэдүүлэхэд сэтгүүлч нь эхнэртэй нь уулзаад учир явдлыг асууж, эцэст нь тэр хүн буруу зөрүү ярьсандаа хүлцэл өчиж залруулга хийж байлаа.
Д.Цогтбаатарыг би мэдэхгүй. Эхнэртэй нь Дөчин мянгатад тоглож өссөн багын найзууд.
Хэдийгээр нарийн учрыг сайн хэлж мэдэхгүй ч Монголд их хэмжээний евротой орж ирээд алга болсон герман хүний хэргийг мөрдөн шалгасантай холбоотойгоор л асуудал үүссэн болов уу. Миний нөхөр телевизийн ярилцлагад орохдоо “Яагаад ч юм бэ наад Цогтоо чинь алга болсон герман хүний гар утас, унаж байсан машиныг нь хэрэглэж байсан. Өөр шинэ нөхцөл байдлаар шалгах боломжууд ч бий. “Шанага” М.Ганболд ЭЦГ-ын дарга, би ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга байсан. “Хоёр талаасаа шалгая” гээд ажилтнууддаа хариуцуулсан. Манайхаас хариуцсан хүн нь Цогтоо” гэж хэлж байсан удаатай. Харин тэр захидалд дурдсан асуудлаар Д.Цогтбаатарыг манай хүн шүүхэд өгч, ор үндэслэлгүй гүтгэлэг болох нь тогтоогдсон.
Ж.Батзандан манай хүнийг гүтгэж, гутаан доромжлоогүй сэдэв ер нь үлдсэн юм уу.
“Дамирангийн Энхбатыг Франц, Германаас хулгайлсан” л гэнэ. “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн” л гэнэ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан” л гэнэ. Сүүлдээ бүр хар тамхины наймаачин болгочихсон билүү… Манай хүн онц ноцтой гэмт хэрэгт удаа дараа ор үндэслэлгүй гүтгүүлснийхээ төлөө өөрийгөө өмгөөлж, шүүхээр үнэн мөнөө дэнслүүлэх эрхтэй. Тийм ч учраас Ж.Батзанданг УИХ-ын гишүүн байхад нь хэд хэдэн удаа шүүхэд өгсөн. УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд бусдыг баримтгүйгээр гүтгэж, нэр төрд нь халдсан нь ч шүүхээр тогтоогдсон.
Хамгийн инээдтэй нь Ж.Батзандангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “Дээрх мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан” гэж мэдүүлсэн байдаг. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Ж.Батзандан “Хар тамхины наймааны ард тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэглэл гэж тодорхой хэлье” гэж увайгүй улс төр хийсэн. Үүний дагуу манай хүн шүүхэд өгсөн ч Ж.Батзандангийн оршин суугаа хаяг тодорхойгүй байсан учир түүнийг эрэн сурвалжлах шийдвэр шүүхээс гарч байсан.
Миний өвөө Монголын уран зургийн ертөнцөд зуун зуунаар дуурсагдах хосгүй бүтээлүүдийг туурвисан зураач. “Өвгөн хуурч”, Чингисийн хөргөөс эхлээд бүтээл туурвилуудыг нь ард түмэн сайн мэднэ. Өвөө маань уран бүтээлээ туурвихын зэрэгцээ түүхийн хосгүй өвийг хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө их зүйлийг хийсэн.
Манай хүнийг “53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй” гэж шуугидаг ч үнэн хэрэгтээ тэр бол өвөөгөөс үр, ач нартаа өвлүүлэн үлдээсэн хосгүй өв.
- Бид өвөөгийнхөө захиасыг биелүүлж, тэдгээрээс огтхон ч зарж, үрэлгүйгээр нандигнан хадгалж, хамгаалж байгаа. Өвөө маань Монгол цамын дэг соёлыг ч уран бүтээлийнхээ нэг хэсэг болгож, хойч үедээ өвлүүлсэн. Ю.Цэдэнбал гуай өвөөг Занабазар хийцийн бурхдаас эхлээд нэн ховор бүтээлүүд цуглуулдгийг нь мэддэг байсан.
- “Найрамдал” зуслангийн тэр газарт өвөө, эмээ маань амьдралынхаа хамгийн нандин үеүдийг өнгөрүүлсэн. Ийм нэртэй зуслан сураг ч үгүй байхад буюу бүр 1940-өөд оны дундуур миний өвөө, эмээ тэнд зусдаг байсан. Эгэл даруухнаар оршиж, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мөнхийн бүтээлүүдээ туурвиж, хүний хорвоог хамтдаа туулж, сүүлчийн амьсгалаа татсаныг нь гэрчлэх газар бол энэ юм.
Харамсалтай нь “Найрамдал”-ын газар эзэмших эрхийг цуцалсан. Бид буцааж авах талаар хөөцөлдөж амжаагүй л явна. Угтаа бол Монгол түмний хайртай зураач Ү.Ядамсүрэн гэдэг хүний амьдралын түүхийг өгүүлэх газар юм. Өвөөгийн маань аж төрөн сууж, алдартай бүтээлүүдээ туурвиж байсан байшин одоо ч бий.
Манайх гэрээрээ зураач. Бяцхан охид минь ч тэр авьяасыг өвлөж төрсөн. Тийм учраас тэднийхээ нялх балчир байх үед зурсан зургуудаар хүүхдийн хувцасны “PEKASO” брэндийг бүтээгээд багагүй хугацаа өнгөрч байна.
- Манай гэр бүлээс нэг ч хүн төрийн албанд ажилладаггүй.
- Хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг би хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана. “Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла” гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй.
Харин манай гэр бүл сүүлийн 20 шахам жил сэтгэл зүйн эрүүдэн шүүлтийг жинхэнэ утгаар мэдэрч байгаагийн хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг шийдсэн гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно.
- С.Зоригийг хөнөөсөн хэргийг сонгуульд ашиглах зэвсэг болгож, өчнөөн хүнийг хэлмэгдүүлдэг.
- Хорин гурван жилийн туршид улстөрчдийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас гаргаж, хөндлөнгийн хуульчдаар дүгнэлт хийлгэх учиртай. Тэгж байж ард түмэнд үнэн мөнийг ойлгуулна.
- Түүнээс биш дээр хэлсэнчлэн бичлэг тасдаж үзүүлээд сошиалд шуугиан дэгдээснээр Монголын ард түмэн үнэнийг мэдэж чадахгүй.
- Ц.Нямдорж мэтэд ашигтай тоглолт л болж хувирна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг тойрсон эрх мэдэлтнүүдийн “зодоон” ч мөд дуусахгүй.
Манай хүн “Хэзээ нэгэн цагт цагаадна” гэдэгтээ маш итгэлтэй байгаа.
- Цахимаар, мөн биечлэн гарын үсэг зурах хөдөлгөөнийг саяхан эхэлсэн. Үнэнийг мэдэх гэсэн ард иргэд олноор нэгдэж байна.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэх хүмүүсийг суллуулахаар 10 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэсэн.
- Сайд нь прокурор, шүүхийнхээ эрх мэдлээс давж, тэднийг суллуулах гэж гарын үсэг цуглуулдаг юм бол би бодит үнэнийг мэдэхийн төлөө гарын үсэг цуглуулж байна.
Дахиад л хэлье. С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахгүй бол сонгуулийн шоу болоод л дуусна.
сэтгүүлч С.БАТТУЛГА