АНУ-ын Миннесота мужид 20 настай өнгөт арьст эр цагдаагийнханд буудуулж амиа алдсаны дараа тус мужид дахин эсэргүүцэл дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден иргэдээ тайван байхыг уриалжээ.
Тайван жагсаал хийж болно, гэвч хүчирхийллийг зөвтгөх аргагүй хэмээн Жо Байден мэдэгдсэн байна. Бруклин-Сентер хотод залуу эр амиа алдсан нь золгүй тохиолдол эсвэл санаатай хэрэг байсан эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
Бруклин-Сентер хотод өнгөт арьст эр амиа алдсан хэрэг орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гарсан юм. Цагдаагийнхан машиныг шалгахаар зогсогоод, жолоочийн биеийн байцаалтыг шалгахад түүнийг баривчлах зөвшөөрөл гарсан гэдэг нь тодорхой болжээ. Ингээд цагдаагийнхан түүнийг баривчлах үедээ цагдаагийн алба хаагч электрошокер (shuud.mn: цахилгаан гүйдлээр цохиулдаг хэрэгсэл)-ын оронд андууран галт зэвсгээ хэрэглэсэн гэж цагдаагийнхан мэдээлжээ. Ингээд өнгөт арьст эр Донти Райт шархадсан ч цааш машинаа жолоодон явж, хэдэн хороолол өнгөрөөд зогсож, улмаар машиндаа нас барсан гэнэ.
Ийнхүү өнгөт арьст эр амиа алдсаны дараа олон зуун хүн цуглан, дахин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ. Өмнө нь энэ мужид Жорж Флойд гэх эр цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдал олон сарын туршид дэгдэж, хараахан гүйцэт намжаагүй байгаа үед дахин ийм хэрэг гарсан нь шинээр эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл болсон байна. Улмаар Миннесота мужийн Миннеаполис болно Сент-Пол хотуудын эрх баригчид 19.00-06.00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоон, цагдаагийнхан болон Үндэсний гвардын алба хаагчдын хүчийг нэмэгдүүлэн, гудамжинд эргүүл гаргахаар болжээ.
Эргэн сануулахад, Өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээр Миннеаполис хотод өнгөт арьст эр Жорж Флойд цагдаагийнханд баривчлагдах үедээ амиа алдсан нь ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх шалтгаан болж, АНУ болон дэлхийн олон оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийн эсрэг олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа хэдэн сарын туршид үргэлжилсэн