Японы иргэдийн 70 гаруй хувь Токиогийн олимпийг цуцлах, эсвэл хойшлуулах нь зөв гэж үзэж байгааг "Kyodo news" агентлагаас гаргасан судалгаа харуулжээ. Олимпийн талаарх судалгааны үр дүнг өчигдөр олон нийтэд танилцуулав. Тус судалгаанд оролцсон иргэдийн 39.2 хувь олимпийг цуцлах нь зөв гэж үзсэн бол 32.8 хувь нь дахин нэг жилээр хойшлуулах хэрэгтэй гэжээ. Харин 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун хуваарийн дагуу зохион байгуулахыг дэмжсэн байна.
Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.
Өчигдрөөс эхлэн Токио хот мутацид орсон Сovid-19 цар тахлын дөрөв дэх давалгааг зогсоох арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. "Kyodo News" агентлаг дөрөвдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд иргэдийнхээ дунд Сovid-19-ийн талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 92.6 хувь нь халдварын тоо дахин нэмэгдэх вий гэсэн айдастай байна.
Судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Даваа гарагаас эхлэн Япон улсын хэмжээнд 65 болон түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулах 125 цэг нээгдсэн ч гадаадаас ирэх вакцины хангамж муу байгаа учир Сovid-19-ийн дөрөв дэх давалгааг зогсоож чадахгүй байгаа аж.