Хөл хорионы өдрүүдэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүрд хоёр, бусад дүүрэгт нэг шинжилгээний цэг тогтмол ажиллаж байна. Өмнө нь шинжилгээ өгөх иргэд eruul.gerege.mn сайтаар цаг авдаг байсан. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан урьдчилан цаг авах ажил түр зогссон. Буяны ажил болон зайлшгүй шаардлага гарсан иргэд бичиг баримтаа үзүүлж, дүүргүүдэд ажиллаж байгаа цэгүүдэд шинжилгээ өгч болно. Шинжилгээ авах цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Харин явуулын шинжилгээний цэг Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Энэ нь шалган нэвтрэх товчоогоор нэвтрэх хүнс болон ачаа тээврийн жолооч нарт илүү ойртож ажиллаж байгаа.
Өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлнэ. Мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлно. Ойрын хавьтал мөн болох нь тогтоогдсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Гурав дахь болон найм дахь өдөрт нь тандалтын баг гэрт нь очиж, шинжилгээ авна. Мөн утсаар биеийн байдлыг тогтмол асууж байгаа. Хэрэв халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчдээ хандах хэрэгтэй. Халдвар авсан нь батлагдвал гэрт нь тусгаарлах уу, эмнэлэгт тусгаарлах уу гэдгийг шийдэх аж.