Улсын начин Э.Энхбат МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт зодуулж, хүнд бэртэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан билээ.
Тэгвэл түүнийг эмчлүүлэхээр өнөөдөр "Хүннү эйр" компанийн онгоцоор БНСУ руу авч явлаа. Ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл, согог, судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар түүнийг холбогдох эмнэлэгт хүргэж өгөхөөр нисэн зорьсон газраа хүрчээ.
Зиндаа.мн сайт Н.Түвшинбаяр аваргын өмгөөлөгч Л.Данзанноровоос энэ талаар тодруулахад "Миний үйлчлүүлэгч Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. “Хүннү эйр” компанийн нислэгээр өнөөдөр Э.Энхбат начинг БНСУ руу авч явлаа. Тухайн тусгай онгоцны зардал, мөн очоод эмчлүүлэх эмнэлгийн урьдчилгаа зардлуудыг гаргаж, эмнэлэгт нь байршуулсан. Одоогоор дунджаар 230 сая гаруй төгрөгөөр онгоц болон эмчилгээний зардалд туслаад байна. Цаашид гарах бүхий л зардлыг төлнө гэж хичээж байгаа" хэмээн хариулжээ.
Уг хэрэгтэй холбогдон одоогийн байдлаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байгаа билээ.