Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын зарим тоон мэдээллийг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Улсын ерөнхий прокурорын газраас танилцууллаа.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хорихоос өөр төрлийн ялд /нийтэд тустай ажил хийх, торгох, эрх хасах/ зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг нэмж, энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж эхлээд буй.
“Зорчих эрхийг хязгаарлах ял” хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс 12 хүнд энэ төрлийн ял оногдуулжээ. Үүнд:
- Нийслэлд 4,
- Орон нутагт 8 хүнд оногдуулснаас нэг хүний шүүхээс тогтоосон ялын хугацаа дууссан байна.
Прокуророос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нэг ялтан тоног төхөөрөмж эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
ПРОКУРОР 7.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГОХ ЯЛЫН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ
Түүнчлэн улсын хэмжээнд торгох ял шийтгүүлсэн 3,475 ялтан, зургаан хуулийн этгээдийн 7,4 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд прокурор хяналт тавьж ажилласнаас 1,5 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелжээ.
Прокурорын газрууд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон этгээд хяналтад байх хугацаандаа мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг улирал бүр Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.
Энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж, хяналтад байсан 164 хүнээс таван хүн дахин хэрэглэсэн нь тогтоогдсон тул албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар дүгнэлт бичиж, шийдвэрлүүлсэн байна.