Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр 11.00 цагт “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэх юм.
Засгийн газрыг төлөөлж өнөөдрийн хэлэлцээнд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд, “Рио Тинто” компанийг төлөөлж Монгол Улсад ирээд буй, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид тус тус оролцох юм.
Ажлын хэсэг нэгд, далд уурхайн бүтээн байгуулалт (Дубайн)-ын төлөвлөгөөг цуцлах, хоёрт, татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх, гуравдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд буй.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр захирамж гаргаж, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, улмаар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй санал бодлоо солилцсоор ирсэн билээ.
Хөрөнгө оруулагч тал анх Оюутолгойн далд уурхайн зардлыг 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөж, “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлуулсан. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 30 орчим хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар өсч, 6.75 тэрбум долларт хүрсэн. Далд уурхайн олборлолт жигдрэх хугацааг 2021 оны нэгдүгээр сар гэж төлөвлөгөөндөө тусгасан нь 22 сараар хойшилж, 2022 оны аравдугаар сараас эхлэх болсныг мэдэгдсэний улмаас Монголын талын авах татвар, ногдол ашиг хойшлох байдлаар хохиролтой тусахыг эдийн засагчид өгүүлж буй юм.
“Рио Тинто” компанийн хувьд зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг геологийн нөхцөл хүндэрсэнтэй холбон тайлбарлаж буй.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд эх орондоо ирснийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Гэрийнхээ тооныг тойрч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна. Мэдээж аль аль талд сэтгэл дундуур зүйл бий. Төслийн зардлын хэтрэлтийн тухайд хөрөнгө оруулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулж байгаа гэдэг утгаараа ашиг нь ялгаа байхгүй хойшлогдсон. Үүний учир шалтгааныг талуудад зөвөөр ойлгуулж, мэдээллийг үнэн зөв хүргэх учиртай. Гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүссэн. Талуудын хэлэлцээрийг одоо ийм тийм гэж ярихад арай эрт байна. Аль болох ойлголцох нь чухал. Зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
“Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилж, гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдсэнийг "Рио Тинто" компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хоёр талын тохиролцоогоор Арбитрын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн санхүүжилт болох 2.3 тэрбум ам.долларыг хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөө бөгөөд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн 2020 оны есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг орлох ажээ.
“Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудлаар “Rio Tinto” компанитай бүтээлч, шударга тохиролцоонд хүрсэндээ баяртай байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Тодорхой цаг хугацааны дагуу хийх зүйлсийг тусгасан гэрээ байгуулснаар "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай үргэлжлүүлэх боломжтой болно. Бүх оролцогч талд эн тэнцүү өгөөж хүртээхээр ажиллана. Тэр тусмаа Монгол Улс болон Монголын иргэд төсөл үргэлжлэхийн хэрээр урт хугацаандаа үнэ цэн, ашиг хүртэхэд анхаарна” гэжээ.