Дөрөвдүгээр сарын 25-аас эхлэн өдөрт шинэ коронавирусийн вакцинд хамрагдах хүний тоог 60 мянгад хүргэхээр төлөвлөж байгааг Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Хатуу хөл хорио тогтоосон 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтын цэгүүдийг зогсоож байгаа талаар өчигдөр 23:00 цагт мэдэгдсэн бөгөөд хөл хорио дууссаны дараа вакцинжуулалтыг идэвхжүүлэхээр төлөвлөжээ.
Хоёрдугаар сарын 23-аас эхэлсэн дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар 600 мянган хүн вакцинд хамрагдаад байгаа бөгөөд нэг өдөрт хамрагдсан хүний тоо хамгийн ихдээ 40 мянга байсан юм.
Тэгвэл хөл хорио цуцлагдмагц дархлаажуулатын цэгийн тоог 160-д хүргэж, нэг өдөрт хамрагдах хүний тоог 60 мянгад хүргэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Засгийн газраас тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулах, 50 хувийг хоёрдугаар тунд хамруулах төлөвлөгөөнд өөрчлөлт ороогүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөнө гэж үзэж байгаа тул дархлаажуулалтыг зогсоосон болохыг Шадар сайд мэдэгдсэн юм.
Тэрээр "Бид нөхцөл байдлыг аль болох зөв үнэлж, дүгнэж, эрсдэлгүй ажиллахыг зорьж ажиллаж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Монгол төрд иргэдийн маань амь нас илүү үнэ цэнэтэй зүйл гэж огт байхгүй. Тиймээс бид аливаа бодит үнэн байдлыг мэдээлэл, зохиомол айдас хүйдэс, аливаа зүйлийг дэгсдлүүлэх, болохгүй байгаа зүйлийг нууж хаах шаардлага байхгүй. Биднээс шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллаж ирсэн. Цаашдаа ч ингэж ажиллана. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт эрүүл мэндийн салбарынхан маань иргэдийнхээ амь насыг алдахгүй, аврахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Ачаалал асар их бий. Тийм ч учраас энэ хөл хориог бүтэн жил хагас орчим цар тахалтай ноцолдсон эрүүл мэндийн болон бусад салбарынхныхаа ачааллыг тэнцвэржүүлэх, эрчимтэй тархаж байгаа тархалтыг үр дүнтэй болгож эрс бууруулах, вакцинжуулалтынхаа ажлыг төлөвлөгөөний дагуу явуулах зорилготой байгаа. Цаг үеийн нөхцөл байдлаар байнга мэдээллээ өгч ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ байр суурь хэвээрээ байх болно гэдгийг хэлье" гэлээ.