Хөл хорионд хэрхэн ажиллах талаар мэргэжлийн байгууллага зөвлөгөө өгсөн талаар сэтгүүлчийн асуусан асуултад ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Манай улсын хувьд нас баралт сүүлийн 15 хоногт эрс нэмэгдсэн. Бид өмнө нь тархалтын түвшинг урьдчилан таамаглаж явж байсан. Гарсан тохиолдлын тоо яг энэ зураглалын дагуу явж байсан учраас хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсон. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, туршлагаас харахад батлагдсан тохиолдлуудын хүндрэл нь 14 хоногийн дараа гардаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өдрүүдэд гарсан 600, 700 тохиолдлын хүндрэл нь гарах болоогүй. Магадгүй, хөл хорионы төгсгөлд нас баралт нэмэгдэх магадлал бий. Хөл хорионы хугацаанд бид тархалтыг хумих, эмчлэх ажлаа үргэлжүүлээд хийнэ. Мөн вакцинжуулалтаа үргэлжлүүлнэ.
Уушги орлуулах ЭКМО аппарат улсын хэмжээнд хоёр ширхэг байгаа. Өнөөдрийн байдлаар энэхүү аппаратад орсон нэг хүн байна. Амьсгалын аппарат 800 гаруй байгаа, улсын хэмжээнд хангалттай" хэмээн хариуллаа.