Цар тахлын үед шийдвэр гаргагчид өөр өөр шийдвэр, мэдээллийг танилцуулж, иргэдийг төөрөгдүүлсээр байна.
Хамгийн сүүлд дархлаажуулалтын явцтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг хийлээ. Цар тахлын үед иргэдийг төөрөгдүүлж буй төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг бид хүргэж байна.
2021.04.04 Ерөнхий сайд: Дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 20:38 цагт 4, 5-р сарыг Дархлаажуулалтын сар болгон зарлаж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлж байна гэсэн юм.
2021.04.08 Засгийн газар: 5-р сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна
Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хөл хорио тогтоон вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Ингэхдээ Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг вакцины эхний тунд, 50-аас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.
2021.04.09 НЗДТГ: Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана
2021 оны 4-р сарын 9-ний 21:59 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудаст “Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана” гэх гарчигтай мэдээлэл орсон юм. Энэхүү мэдээлэлд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу суурин 120 цэг, явуулын 40 цэгээр нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагааг Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, резидэнт эмч нартай хамтран зохион байгуулах” болсныг мэдээллээ.
2021.04.09 ЭМЯ: Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллах талаар НЗДТГ-аас мэдээлснээс нэг цагийн дараа буюу 22:57 цагт Эрүүл мэндийн яамнаас хөл хорионы хугацаанд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй болсныг мэдээллээ. Ингэхдээ “ COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, “Улаан” түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн мэдээлээд байна.
Өөрөөр хэлбэл хөл хорих болсон шалтгаан нь дархлаажуулалт хэмээж байсан Засгийн газрын шийдвэр ердөө хоёр хоногийн дотор өөрчлөгдөж, 5-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн хүн амаа бүрэн нэгдүгээр тунд хамруулах Засгийн газрын шийдвэр цуцлагджээ. Ерөнхий сайдын дархлаажуулалтыг хүчин чадлыг нэмнэ гэсэн шийдвэр мөн “тэг зогсолт” болоод байна.
Эх сурвалж: Factcheck.mn