Улаанбаатар хот маргаашаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Уг захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн салбарын ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлан зорчуулахыг зөвшөөрчээ.
Мөн нийслэлд 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглож, дэлгүүр үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг 07-21 цагаар хязгаарлаж байна.
Энэ хугацаанд оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулах зохицуулалтыг хийжээ.