Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа таалал төгссөнийг дөнгөж сая Букингэмийн ордноос мэдээллээ.
Хатан хааны гэр бүлийн албан ёсны сайтад “Эрхэмсэг Хатан хаан өөрийн хайртай нөхөр, Эдинбургийн гүн, Хунтайж Филипп, нас барсныг зарлаж байна. Эрхэм дээд жанжин өнөөдөр өглөө Виндзорийн цайзад амар тайван таалал төгсөв” гэсэн байна.
Тэрбээр хатан хаан Хоёрдугаар Элизабеттэй 73 жил ханилсан юм.
1947 онд гүнж Элизабеттэй хатан хаан болохоос нь таван жилийн өмнө гэрлэсэн Филип тус улсын түүхэнд төрийн тэргүүнтэй хамгийн удаан ханилсан хүн болсон байна.
Хунтайжийн эрүүл мэнд сүүлийн жилүүдэд алгуур муудаж байв. 2017 оны тавдугаар сараас эхлэн тэр хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоо больсон юм.
Тэр үеэс хойш Филип хунтайж олны анхаарлын гадна, нам гүм амьдарч байжээ.
2020 оны арваннэгдүгээр сард хатан хаан, хунтайж хоёр гэрлэснийхээ 73 жилийн ойг даруухан тэмдэглэсэн байна.
Хунтайж Филип нь 1921 оны зургаадугаар сарын 10-нд Грекийн Корфу аралд мэндэлсэн бөгөөд Грек, Данийн язгууртнуудын үр удам ажээ.
Бага залуудаа Франц, Британид боловсрол эзэмшсэн Филип дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британийн тэнгисийн флотод алба хааж, Газрын дундад тэнгист Фашист Италийн эсрэг дайтаж явсан юм.
Хатан хаан, хунтайж хоёр дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөж, найман ач, зээ, 10 жичтэй болжээ.
Эх сурвалж: ВВС