Дэлхийн түүхэнд МЭ 716 он нь 366 хоногтой, цаг тооллын шилжилттэй жил хэмээн тэмдэглэгддэг. Уг онд Турк, Араб, Европ, Британид төрийн эргэлт өрнөсөн дуулиант хэргүүд олноор тохиолдсон байдаг.
Тэгвэл 2020.11.19 өдөр Английн шүүхээс Сү.Батболд нарт холбогдох 716 дугаар байрыг битүүмжилсэн шүүгчийн захирамж, шийдвэр гарсан. Уг шийдвэрт хариуцагч Сү.Батболд нарын Англи, Уэльсийн нутаг дэвсгэр дэх 15,235,500 паундаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.
Ийнхүү битүүмжилсэн шийдвэрийг гаргасан Английн Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг уг маргааныг авлигын асуудал байна гэж үзээд, хариуцагч Сү.Батболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрдэнэтийн орд газар, Оюу толгойн алт зэсийн ордоос хувийн ашиг хонжоо олох сэдлээр шударга бус нөлөөлөл үзүүлсэн гэж буруутгасныг онцолсон.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон орлогоороо гадаад улсад, тухайлбал, Лондон хотын төв хэсэгт байршилтай Апартмент 716 хэмээх тансаг зэрэглэлийн, асар үнэтэй орон сууцыг оффшор компаниар дамжуулан нууцаар эзэмшиж, ашиглаж байсан нь ил болсныг Сү.Батболд нар үгүйсгэж чадаагүй өдийг хүрлээ. Учир нь уг шүүхийн шийдвэрт Сү.Батболд нар нь гомдол гаргаагүй, хөрөнгө битүүмжлэх шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, Английн шүүгч Сү.Батболд нарт холбогдох хэргийн материалтай танилцаж үзээд, “энд төлөөний хүмүүсээрээ дамжуулан оффшор дахь хөрөнгөө хянадаг асар нарийн зохион байгуулалттай арга заль харагдаад байна”, “Апартмент 716 бол байнга шилжүүлж хөдөлгөдөг, тогтворгүй хөрөнгө байна”, “Апартмент 716-г бүртгэл дээрх өмчлөгч Солонгос нөхөр нь жинхэнэ өмчлөгч байх магадлал бага юм”, “энэ хөрөнгийг битүүмжлэхгүй юм бол өөр юуг битүүмжлэх билээ” гэх утгатайтайгаар бичжээ.
Үүнийг Сү.Батбол нар эсэргүүцэхгүй орхиж, Английн шүүхэд гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлэн, таг чимээгүй болж зайлсхийсэн. Үүний учир нь Сү.Батболдын хүү Лондон хотод амьдран сууж, суралцаж байхдаа уг байранд амьдарч байсан, Сү. Батболдын хоёр дахь эхнэр, эхнэр талын эгч нар эзэмшин ашиглаж байсан маргаангүй баримтыг шүүх үндэслэл болгосонтой холбоотой байх. Үүнээс гадна, Апартмент 716-г эзэмшигч компанитай холбоотойгоор Сү. Батболдын өөрийнх нь гарын үсэг жирийтэл гарч ирсэн, паспортын хуулбараа өгсөн, эцсийн өмчлөгч болохоо дүгнүүлсэн, Авлигын эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш нуун далдлахдаа хөөрхий хүүхдүүдээ харгисаар ашигласан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон бололтой.
Төрийн эргэлтийн бэлэгдэл болсон “716” дугаар бүхий, илчлэгдсэн эд хөрөнгийн цаад гарал үүсэл нь авлигаар ард түмний баялгийг худалдсантай холбоотой олон дуулиант хэргүүдийн зөвхөн нэгээхэн баримт гэвэл ийм лав гүнзгий байна. Сү.Батболд ийнхүү хөрөнгөжсөн үнэн учрын мөрөөр зөвхөн Англид төдийгүй, Америк, Хонгконг, Британийн Виржинийн Арал, Сингапур, Жерсий арал зэрэг газарт мөрдлөг шалгалт хийгдэж, одоогоор л гэхэд 70 шахам сая ам.долларын хөрөнгө мөнгө битүүмжлэгдээд байгааг олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсээр байна.
-Английн алдарт The TIMES сэтгүүлийн хуудаснаа гарсан
“Монголын удирдагч Лондон дахь 11 сая паундын сууцыг худалдах эрхээ хязгаарлууллаа” гэх нийтлэл-
Сү.Батболд олон улс дамнан мөнгө угаасан гэх нууц хэрэг барууны орнуудын шүүхэд шалгагдаж эхэлснээр эрх баригч намын элит удирдлага нар ард түмнийхээ эрх ашгаас урваж, худалдсан үнэн нүүр царай илчлэгдсэн.
Харин Сү орогнох сүүлчийн газраа Монгол төрийг сонгон авч, хэргээ “Зөвхөн Монголдоо” шийдүүлэх чиглэлийг барьж эхэлсэн болоод ч тэр үү, алдарт Апартмент 716-ийн ачааг даагаагүй болоод ч тэр үү, юутай ч 2021.01.21 өдөр У. Хүрэлсүхийн Засгийн газар цагаан тугаа мандуулан огцорсныг Сү дарга ихээхэн сайшаасан түүхтэй. Харин энэ түүхийг түүхчид “төрийн хагарлын эхлэл” байсан хэмээн дүгнэдэг…