Даргаа буудаж хөнөөгөөд зугтсан цэргүүдийн талаар ХХЕГ-аас мэдээлэл өглөө.
"Хилийн цэргийн Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн 4 дүгээр заставын харуул дээр 8-ны өдөр 18:00 цагт Монгол Улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй манаа үүрэг гүйцэтгэн буцаж ирэх явцад харуулын дарга буу шалгаж авч байрлуулахаар гарахад харуулын манааны цэргүүд урдаас нь зэвсэг хэрэглэж хөнөөгөөд харуулын байрлал орхиж явсан мэдээллийг бид авсан. Үүнтэй уялдуулан Говь-Алтай аймгийн цагдаа, Тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж одоогийн байдлаар хоёр цэргийн албан хаагчийн араас мөрөөр нь мөрдөөд явж байна. Ангиас 50 орчим км газарт цэргүүд мотоциклоо орхин цааш явсан мөрийг илрүүлээд ажиллаж байна.
Тэд 2020 оны аравдугаар сард татагдсан цэргүүд. Үлдсэн хоёр цэрэг нь бидэнд өгсөн мэдээллээр манаанд явж ирээд ийм үйлдэл хийсэн гэж мэдээлсэн. Харуулын дарга та нарт дарамт шахалт үзүүлж байсан уу гэдгийг үлдсэн хоёр цэргээс асуухад урьдчилсан мэдүүлгээр ямар нэгэн дарамт байгаагүй. Харуулын дарга цэргүүдтэй эвтэй харилцдаг, оюунлаг, шүлэг уншиж өгдөг, яруу найраг уншиж өгсөн байсан гэдэг мэдээллийг өгөөд байна.
Хууль, хяналтын байгууллага бодит үнэнийг тогтоохоор ажиллаж байна.
Оргосон хоёр цэргийн тухайд нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М гэдэг. Өнгөрсөн намар татагдсан цэргүүд байгаа. Цэргүүдийн сэтгэл санааны тухайд сэтгэл судлалын офицеруудын тандалт судалгаагаар ямар нэгэн зүйл илрээгүй байсан" гэлээ.