Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагчид өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө харуулын даргаа хөнөөжээ. Тэд харуулын даргаа хөнөөгөөд буутай оргон зайлсан байна.
Энэ хэргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 22:58 минутад Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт хилийн цэргийн дугаар ангийн пост дээр хүн нас барсан байна гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч, хэргийн газар дээр ажилласан. Ингэхэд хороон даргын ажилтай 44 настай хүн буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн. Хэргийн газар дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид галт зэвсэгтэй орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг аймгийн цагдаагийн газар, Хилийн цэрэг хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг одоо явуулж байна. Цэргүүдийг баривчилсан гэх мэдээлэл худлаа. Тэдний байршлыг тогтоох ажил үргэлжилж байгаа. Гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүд байлдааны галт зэвсэгтэй, сумтай хэргийн газраас зугтсан байгаа. Замдаа хүнд болон өөрсдөдөө хохирол учруулахаас сэргийлэн баривчлахаар ажиллаж байна” гэлээ.