Өнөөдөр Монгол Улс "Ковид-19" цар тахалтай нүүр тулан "тулалдаж" байгаа билээ. Харин энэ үед МАН гишүүддээ 100.000 төгрөг, одон медаль тарааж буй бичлэг цахим орчинд тархжээ. Харамсалтай нь тус бичлэгт хүнд цаг үеийн халдвар хамгааллын дэглэм гэж юу ч байсангүй.
МАН одоогийн засгийн газрын 62 суудлыг эзэмшдэг. Засгийн эрхийг бүрэн атгасан цор ганц нам. Харин энэхүү засгийн газраас иргэн бүрийг хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сахиж, таваас дээш хүн цугларахгүй байх гэх зэрэг олон тогтоол гаргаж байгаа. Гэтэл тэр олон тогтоол, дүрэм журам МАН-д хамааралгүй бололтой. Учир нь тухайн бичлэгт нийтдээ 200 гаруй хүн “100.000 төгрөг, одон медал”-д “алалцаж” байв.
Ерөнхийдөө МАН-ын дарга У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа 100 жилийн ойн өдрөөр далимдуулан "умалзуулж" эхэлжээ.
“МАН-ын түүхт 100 жилийн ой бол Монголын ард түмний эрх чөлөө, аз жаргал, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө явуулсан баатар тэмцлийн яруу алдарт дайчин замнал юм” хэмээн ойн өдрийн мэндчилгээндээ УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн байдаг. Гэтэл тэрхүү дайчин замнал нь өнөөдөр ковид цар тахлын өмнө хугарч байна. Үүнийг хүн бүр хэлэх биз. Засгийн газар, УОК гэх мэт Монгол төрийн оройд сандайлсан эрхмүүд иргэдийнхээ төлөө хөл хорихоос өөр зүйлийг хийж чадахгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тийм атал өөрсдөө үлгэрлэн үзүүлж халдвар хамгааллаа сахин гийгүүлэх ёстой боловч олон хүнийг нэг дор цуглуулж мөнгө тарааж, медаль зүүх арга хэмжээг зохион байгуулж байх жишээний.
-Монгол Ардын нам түүхт 100 жилийн ойдоо зориулан долоон тэрбумыг улсын төсвөөс, зарцуулсан-
100 жилийн ойд зориулж, улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суулгасан гэдгийг Я.Содбаатар Шадар сайд байхдаа хэлсэн байдаг. Тэрбээр "100 жилийн ойд зориулан улсын төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөг тавьж байна. Үүгээр 100 жилийн ойд зориулсан бүтэн жилийн арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо" гэж хэлж байв. Тэгвэл төсөвт тусгасан арван тэрбум төгрөгийн зарцуулалт бидний нүдэн дээр өрнөж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүдийн халаасанд 100 мянга, энгэрт нь одон медаль болжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр МАН найрлаж ханахгүй нь.