Эрүүл мэндийн яам Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 12780 болсон бол нас барсан хүний тоо 18 болжээ. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 8140 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 102 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 1689 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 10544 болсон. Аймгуудаар нь авч үзвэл,
Архангай аймагт- 7
Сүхбаатар аймагт – 7
Говьсүмбэр аймагт- 5
Дорноговь аймагт- 2
Баянхонгор аймагт- 12
Өвөрхангай аймагт- 11
Төв аймагт- 51
Сэлэнгэ аймагт- 5
Ховд аймагт- 2 тохиолдол тус бүр батлагдаад байна.
ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:
-Улсын хэмжээнд 2637 хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
- 2176 хүний бие хөнгөн
- 373 хүний бие хүндэвтэр
- 74 хүний бие хүнд
- 14 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Одоогоор 19 аймагт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоосон үед өдөрт илрэх халдварын тоо буурч байсан. Харин хөл хорио тавигдсанаас хойш халдварын тоо тогтмол өсч байгаа юм. Нас баралтын тоо цаашид өсөх хандлагатай байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал их байгаа.
ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:
-Нэг сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.4, хүнд өвчтөний тоо 24.6 хувиар нэмэгдсэн. Үүний хэрээр тархалт нэмэгдвэл аппаратын нөөц эрсдэлд орж болзошгүй. Хүндэрсэн хүний тоог харахад нас баралт нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа.
Одоогоор манайд уушги орлуулах аппарат нэг байна. Нэмж хоёр аппарат захиалсны нэг нь ирсэн байгаа. ECMO гэх уушги орлуулах аппаратыг ажиллуулахын тулд нэг хүн биш баг ажилладаг. Нэг өвчтөнийг уг аппаратаар эмчилгээнд оруулахад гарах зардал мөнгө нь асар их. Гэхдээ эрсдлийг бууруулахын тулд эмнэлгийн хэрэгслийн нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвартай 2000 орчим хүн гэрээр эмчлүүлж байна.