Цар тахлын энэ үед уран бүтээлчид гар хумхин суусангүй. Хэдийгээр дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлан олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлаад байгаа ч нийслэлд “Ногоонбаатар эко урлагийн наадам” өрнөж байна. Ногоон Нуур цэцэрлэгт хүрээлэн болон тус хүрээлэн хүрэх гудамжийг урлагийн орчин болгон өөрчлөх нь ээ. Энэхүү наадам нь урлагаар дамжуулан агаарын бохирдлын талаар мэдлэг мэдээлэл хүргэх, хүмүүсийн байгальд ээлтэй, эерэг хандлагатай болгох зорилготой юм.
Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны урлагийн туршлага солилцсон. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан ч цар тахлын улмаас ирэх боломжгүй болжээ.
Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын Нуур парк сонгогдсон. Монгол уран бүтээлчид “Нарантуул хоёр” захын хажуухнаас эхлэн Уулын Нуур хүртэлх 600 метр гудамжинд урлагийн бүтээлүүдээ туурвиж байна.
Наадмын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 24-н хүртэл үргэлжилнэ.
Ногоонбаатар эко урлагийн наадамд оролцож байгаа чөлөөт уран бүтээлч М.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ямар нэртэй бүтээл урлаж байна?
-“Гэр хорооллыг урлагжуулья” гэдэг төсөл явагдаж байгаа. Би төмрөөр орчин үеийн урлаг тал руугаа ажилладаг. Энэхүү бүтээл дээрээ уулын савдаг бодон гахайг хийгээд дотор нь паркийн сарнай гээд цэцэг тариад чулуугаар суурь хийн уул овоог домнох хэлбэрээр бүтээлээ хийж байгаа. Энэ хүрээнд “Уулын савдаг” гэдэг ажлаа хийж байна. Энэ ажилдаа 20 хоногт зарцуулна даа.
-Бүтээл урлаж байгаа мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан мэдрэмж аваад хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ гэдэг чинь гоё шүү дээ.
-Энэхүү бүтээлээ хийж байхад иргэд, хүүхэд, залуус ирээд юу гэж хэлж байна. Хүмүүсийн хандлага ямар байна?
-Энэхүү төслийн нээлт дөрөвдүгээр сарын 26-нд болно. Энэ хавийн иргэд их ирж сонирхож байгаа. Сэтгэлгээнд нь хүртэл сонирхолтой зүйлс харагдаж байна. Хүүхдүүд ирээд сонирхон ямар гоё юм бэ гэхээр хүлээлт үүсээд л. Хөгжилтэй зүйлс их харагдаж байгаа.
“Гэр хорооллыг урлагжуулья” төсөл нь монголд зайлшгүй шаардлагатай төсөл болоод байгаа. Энэ нь монголын хүүхэд багачуудад хүртэл маш хэрэгтэй зүйл.
Монголд зайлшгүй хэрэгтэй зүйл чинь урлаг байна. Урлагаар дамжуулж хүүхдүүд хөгжиж сэтгэлгээ нь хүртэл задардаг. Тэгэхгүй нийгэмшилт ихсээд ирэхээр мөнгө төгрөг, машин тэрэг л бодогдоод байна. Яг үнэндээ хүүхдүүдэд хэрэгтэй зүйл урлаг л байгаа. Хүмүүст ч гэсэн хэрэгтэй. Нийгэмшлийг цэцэглүүлдэг зүйл бол урлаг.
Энэхүү наадмыг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг дэмжин ажилладаг Монгол-Францын төв /Улаанбаатар хотын Аллианс Франсез/, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлагийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.