АН-ын даргын сунгаа явагдаж, цаасан санал хураалтаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан. АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл өнөөдөр С.Зоригийн хөшөөний дэргэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Та бүхэнд АН байгуулагдсаны 31 жилийн баярын мэндийг хүргэе. Та бүхэнд хаалттай нийгмийн ханыг нураахаар нэг намын дарангуйллыг тас цохихоор Монгол орны өнцөг булан бүрээс сэтгэл зүрхний дуудлагаараа холбогдсон ардчилагчдын Анхдугаар их хурлаа хийсэн түүхэн өдрийн баярын мэнд хүргэе. АН Анхдугаар их хурлаа хийснээс хойш 31 он, үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг цаг бусаар тэнгэрт хальснаас хойш 22 он өнгөрчээ.
Өнгөрсөн он жилүүдэд өдрөөс өдөрт ардчилагчдын нэр хүнд унаж, ард түмний итгэл буурч тэр бүрийд бид дотроо хэмлэлдэж биднээс шил дарсан намууд төрж, замын уртад зарим нь салж мөрөө хөөж, үлдсэн хэдийнх нь оролцоо үлэмж бага нам болсон.
Ардчилал, хүний эрхийг дээдлэгч АН-ынхан бид ахин босох ёстой боллоо. Ардчиллаа бүтэн болгох уриалгыг АН-ын даргын зүгээс дэвшүүлж байна. Улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэх хэрэгтэй. Мөн Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох саналыг дэвшүүлж байна. Ардчилсан үзэл санааны баатар нь С.Зориг байсан. Баатар цолыг олгоход иргэдийн дэмжлэгийг цаасаар болон цахимаар авч байна. Та бүхэн гарын үсгээ зурж дэмжээрэй" гэлээ.