Америкийн "Forbes" сэтгүүлийн газраас дэлхийн баячуудын жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Шинэ чансаагаар Америкийн телевизийн од Ким Кардашьян албан ёсоор долларын тэрбумтан болжээ.
40 настай Кимийн хөрөнгө өнгөрсөн жилийн 10 дугаар сард 780 сая ам.доллар байсан. Хэдэн сарын дотор тэр 220 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Кардашьяны гоо сайхны "KKW Beauty", дотуур болон гэрийн хувцасны "Skims" брэнд нь энэ их хөрөнгөний гол эх үүсвэр болсон байна.
2020 онд Ким "KKW Beauty" маркийнхаа хувьцааны 20 хувийг 200 саяар зарсан. Харин "Skims" брэндийг 2019 онд байгуулсан бөгөөд цар тахлын хөл хорионы үед гэрт өмсөх хөнгөн загварууд гаргаж эхэлсэн нь тун сайн зарагджээ. Дээр нь зар сурталчилгааны гэрээнүүд, олон нийтийн сүлжээний орлого, телевизийн "Keeping Up with the Kardashians" реалити шоуны орлого нэмэгджээ.