"Өрөг хэлэлцүүлэг" энэ удаагийн дугаартаа “Эмнэлгийн мэс засал яаралтай тусламжийн өнөөгийн байдал” сэдвээр мэргэжилтнүүдтэй ярилцлаа.
Зочид:
- ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийн зохицуулах газрын лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Д.Оюунчимэг
- АШУҮИС-ийн Анагаахын сургуулийн мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн танхимын эрхлэгч АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт эмч Л.Ганболд
- ДЭМБ-ын мэс засал, яаралтай тусламжийн зохицуулах төвийн дарга, АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт, Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн
- Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төвийн захирал Э.Одбаяр
Онцлох эшлэл
О.СЭРГЭЛЭН: ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧДЫН ЧАДВАР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
ДЭМБ-ын мэс засал, яаралтай тусламжийн зохицуулах төвийн дарга, АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт, Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн:
Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, тэр тусмаа мэс засал яаралтай тусламж үйлчилгээний төвшин нь хөгжиж буй орнууд дундаа сайн гэж үнэлэгдэж явдаг.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд Монгол улсад мэс заслын яаралтай тусламжийг зохицуулах төв дэлхийд анх удаа манайд байгуулагдсан.
- Монгол улсын мэс заслын яаралтай тусламж хэрэгжилт, бодлогын зохицуулалтын байдалтай танилцаад дэлхийн 88 улсын Монголоос доогуур төвшинд байгаа улсуудыг манай төвшинд 2030 онд хүргэхээр жишиг орноор товлосон.
- 2005 оноос дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газартай Монгол улсын мэс засал яаралтай тусламжийн талаар судалгаа хийсэн. Тэр судалгааныхаа дүнг танилцуулж хамгийн анхны хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн улс орнуудын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөв гаргаж таван үзүүлэлтийг үндэс болгосон. Монгол улс тэр таван жишиг үзүүлэлтээр сайн төвшинд үнэлэгдсэн.
1000 мянган хүнд оногдох мэс засалч эмчийн тоо 20-40 байх ёстой гээд ДЭМБ гаргасан. Өнөөдрийн байдлаар Монгол улсад ерөнхий мэс заслын эмч нийт 390 гаруй эмч байдаг. Мөн гэмтэл, эх барих эмэгтэйчүүд эмч нараа нэмэх юм бол энэ тоо 23 хувьтай байдаг юм. Энэ зорилт нь манай улсын хувьд тоо нь үзүүлэлтээрээ биелчихсэн.
Харин хөдөө орон нутагт, ялангуяа сум дундын эмнэлгүүдэд мэс заслын эмчийн хүртээмж бага байна.
- Монгол улсад нийтдээ 39 сум дундын эмнэлэг ажилладаг. Үүний 13-14 нь л мэс засал хийж байна. Нутаг дэвсгэрийн таруу онцлогтой манай улсын хувьд эмч нарын ажлын байрны хуваарилалт чухал асуудал болоод байна.
- Мэс заслын эмч олон төгсдөг. Хөдөө орон нутагт хуваарилагдаад ажилладаг боловч сайн ажиллаж байгаа эмч нар нь хэдэн жилийн дараа дарга болоод явчихдаг. Тэгээд дахиад л 5-6 жил дахиж хүн бэлдэх асуудал гардаг.
- Хүний нөөцийн тогтвортой байдалд эмч нарын ахуй амьдрал, амьдрах нөхцөл бололцоогоор нь хангах мөн цалин санхүүжилт чухал.
Сум дундад яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмж харьцангуй хангалттай. Гэхдээ ашиглах ашиглалтын явц төдийлөн хангалтгүй байдаг гэсэн үнэлгээ гарсан.
- Аймгийн нэгдсэн эмнэлгүүд дээр багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ ялангуяа томоохон, нарийн мэс засалд хийх тоног төхөөрөмж муу байгаа нь судалгаагаар ч батлагдана. .
- Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэчнээн хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байна гэдгээс тухайн орны эрүүл мэндийн салбарын хөгжилд шууд хамаардаг.
- Эмч нар дутуу, гачигдсан орчинд л мэс засал хийдэг.
- Өндөр хөгжсөн орон багаж төхөөрөмж нь эвдрээгүй ч гэсэн таван жил болоод л сольж, шинчилж байдаг системтэй.
- Харин манай улсад таван жил болоод солих хэмжээний хөрөнгө үнэхээр байдаггүй. Элэгдэж хуучрах асуудал маш их гардаг.
- Эмч нарын ур чадварын хувьд манай Монголын мэс заслын эмч нар дэлхийн хэмжээнд хүрсэн гэж үнэлэгддэг.
- Хамгийн чухал нь бүх өвчин эцэстээ мэс засалтай холбоотой байдаг.
Судалгаагаар хэрэв хоёр цагийн дотор яаралтай тусламжийн үзүүлж чадах юм бол нас баралтыг 80 хувь бууруулна. Тийм учраас бид үүн рүү чиглэж явах ёстой юм.
Иргэд мөн би өвддөг, намайг эмнэлэг эмчлэх ёстой гэсэн ойлголтөө өөрчилж, би өвдөхгүйн тулд юу хийх вэ ухамсарлах хэрэгтэй.
Д.ОЮУНЧИМЭГ: ОРОН НУТГИЙН ЗАМ ДЭЭР ГАРЧ БАЙГАА ОСЛУУД ДЭЭР ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖ ХОМС БАЙДАГ
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийн зохицуулах газрын лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Д.Оюунчимэг
- Яаралтай тусламж авч чадалгүй нас барсан гэх тооноос илүү бидний гол анхаарах зүйл бол яаралтай тусламж хожимдох магадлалтай осол гэмтэл, зам тээврийн осол, орон нутгийн зам дээр гарч байгаа ослууд дээр яаралтай тусламж авах боломж хомс байдаг.
- Үзүүлэлтээс харахад 80 гаруй хувийн зам тээврийн ослоос 20 гаруй хувь нь эмнэлгийн тусламж авч чадаж байна гэдэг нь зам тээврийн осолд илүү анхаарах нь эмнэлгийн тусламжийг сайжруулахад эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжруулах үзүүлэлт гэж харж байгаа.
Одоо эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн шалтгаантай санхүүгийн хүндрэлийг багасгах, асуудал бэрхшээлийг арилгах эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох мэс заслуудыг бүрэн даадаг болсон.
- Гагцхүү эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан буюу тодорхой шалгуурыг хангасан, тухайн мэргэжлээрээ тусламж үйлчилгээг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.
- Хүний нөөц, төхөөрөмжийн хувьд гүйцэтгэх боломжтойг төр өөрөө хяналт тавиад гэрээ байгуулан шалгуурыг хангасан төр хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагад иргэн өөрөө сонголтоороо тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн.
- Тэгэхээр заавал улсын эмнэлэг дээр оочерлох төрийн байгууллагаар хөнгөлдөг гэсэн асуудал больж байгаа гэсэн үг. Бүх эрүүл мэндийн байгууллага бус шалгуур хангасан, энэ тусламж үйлчилгээг байгуулж болох юм гэсэн гэрээ байгуулсан байгууллага л авна. Энэ нь манай салбарын нэг том шинэчлэл юм.
- Монгол улсын эрүүл мэндийн 2019 оны үзүүлэлтээс харахад 53728 мэс заслын хагалгаа хийгдсэн байна. Түүний 80 гаруй хувь нь нийслэл хотод үлдсэн хувь нь орон нутагт хийгдсэн.
Орон нутгаас хотыг зорьж эмнэлгийн тусламж авах иргэдийн тоо их байна гэсэн үг. Үүнийг л багасгаж, байгаа газартаа тусламж үйлчилгээгээ авах боломжийг бий болгох хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн салбараас орон нутгаа чадваржуулах, тодорхой чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэсэн зорилт тавьж байна.
Тодорхой мэс заслуудыг чадваржуулах хэрэгтэй юм байна гэдгийн тоо нь үзүүлэлтээс харагдаж байгаа.
- Тухайлбал хамгийн их хийгддэг хагалгаа болох чих хамар хоолойн хагалгаа, хамрын таславчийг янзлах, хоолойн махыг авчах зэрэг хагалгаануудыг орон нутагт хийхээр эмч нараа чадваржуулах, тоног төхөөрөмж багажаа сайжруулах юм.
Э.ОДБАЯР: МЭС ЗАСАЛ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭТ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БАЙХ ЯДУУРАЛ РУУ ТҮЛХЭХ АЮУЛТАЙ
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төвийн захирал Э.Одбаяр
- Манай байгууллага Засгийн газар хоорондын Монгол улсад төвтэй олон улсын байгууллага. НҮБ-ын ерөнхий ассаблэйн байгууллага учраас НҮБ-ын агентлагтайгаа ойрхон ажилладаг. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын гуравдугаар заалтад Эрүүл мэндийн салбар байдаг. Эрүүл мэндийн салбар нь эмнэлгийн яаралтай тусламж өнөөгийн байдал ямар байна үүнээс улбаалаад эдийн засагт ямар хохирол учирч байна гэдэгтэй холбогдоод явдаг.
- Хоёрдугаарт мэс заслын өвчлөл хөдөлмөрийн чадвараа алдахаас эхлээд үнэ өртөг өндөртэй томоохон хагалгаанд орох гээд эдийн засгийн чадвар нь байнга хохирч байдаг.
- Гуравдугаарт НҮБ, олон улсын байгууллага гишүүн орнуудаараа хийдэг маш чухал хамтын ажиллагаа бий. Тэр нь өмнөдийн хамтын ажиллагаа буюу хөгжиж байгаа орнуудын хоорондын хамтын ажиллагаа. Хөгжиж байгаа орнууд туршлагаасаа хуваалцах, муу жишээ байвал түүнийгээ давтахгүй байх гээд энэ салбарт аль болох эерэг туслалцаа үзүүлж ажиллах ёстой.
- Тэр утгаараа ийм гурван чухал шалтгаанаар холбогдож эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн нөхцөл байдал, Монгол улс хөгжиж буй орнуудын хаана явж байгааг судлах зорилгоор судалгаа хийсэн.
- Судалгаанд дараах үзүүлэлтүүд тодорхой болсон:
- Анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж. Аваар осол гарснаас хоёр цагийн дотор үйлчилгээ авах ёстой. Тэр нь хүртээмж нь ямар байна гэсэн нэгдүгээр үзүүлэлт.
- Мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг мэс заслын нягтшил ямар байна гэдэг үзүүлэлт байгаа.
- Мэс заслын хэмжээ буюу хэдэн мэс засал хийж байна гэсэн үзүүлэлт.
- Мэс заслын өмнөх болон дараах нас баралтын тоо.
- Мэс заслын тусламж үйлчилгээний төлбөрийн улмаас ядууралд нэрвэгдэх эрсдэл гэсэн ийм таван үзүүлэлтээс улс орнуудыг жагсааж байгаа.
Судалгаанаас харахад манай улс 88 орны өмнө орсон.
Монгол улсын энэ жишээгээр хөгжүүлэх зорилт гарсан. Үүнийг хуваалцах үүднээс манайх энэхүү судалгааг санхүүжүүлж хамтраад хийсэн байгаа. Далайд гарцгүй Африкийн бүх орон 100 мянган хүн амд ногдох эмчийн тоо 10-аас доош байна. Гэтэл манайх 20 хүрчихсэн. 20-40 байх ёстой гээд байгаа шүү дээ.
Хөгжил өндөр Швед, Австралитай харьцуулах юм бол 98 хувьтай явж байгаа. Манай 80 хувьтай явж байна.
Даяаршлын үеийн мэс заслын тусламж үйлчилгээнд ядуурлаа сэргээлэх, хүний хөгжлийг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжил дэвшилд хүргэх хүчирхэг зэвсэг гэж судалгаагаар харагдаж байгаа учраас үүн дээр энэ салбар хөгжих ёстой, улс оронд хөрөнгө оруулах ёстой гэж харсан юм.
Энд гурван том хүчин зүйл байгаа.
- Мэс заслын хөгжил түүний хор уршиг нь улс орны хөгжил, эдийн засгийн хөгжлийг саатуулж нийгмийн баялагт шууд нөлөөлдөг. Бага дунд орлоготой улсуудад мэс заслын ба мэдээгүйжүүлэлтийн нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
- Анагаах ухааныг чухал салбаруудын нэг гэдгийн хүлээн зөвшөөрсөн учраас үүн дээр зайлшгүй хөрөнгө оруулах ёстой юм гэж заасан юм.
- Мэс засал ба мэдээгүйжүүлэлт тусламж үйлчилгээ хэт өндөр төлбөртэй байдгаас ядуурал руу шууд түлхэх аюултай.
- Зарим орнууд айл өрх эдийн засаг, улс төр, өөрсдийнхөө чадавхаас шалтгаалаад зугуухан ядуурдаг бол энэ салбар нь шууд ядуурал руу түлхдэг аюултай юм.
- Энэ дээр мэс заслын тусламж үйлчилгээг дэмжих бодлогын хувьд энэ салбарт хөрөнгө оруулалт татах нь нэн чухал байгаа.
Яагаад гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал 2015 оноос 2030 оны хооронд мэс заслын эмгэгт тохиолдож байгаа уршгаас болоод зөвхөн таван эмгэгээс 12,3 их наяд төгрөгийн хор уршиг учрах тооцоо гарсан байна.
Л.ГАНБОЛД: ИРГЭД ТУХАЙН АМЬДАРЧ БАЙГАА ГАЗАРТАА Л ТУСЛАМЖАА АВАХ ШААРДЛАГАТАЙ
АШУҮИС-ийн Анагаахын сургуулийн мэдээгүйжүүлэг яаралтай тусламжийн танхимын эрхлэгч АУ-ны доктор, профессор, Төрийн шагналт эмч Л.Ганболд
Яаралтай тусламж болон мэс засал нь иргэдийн амьдарч байгаа анхан шатанд шаардлагатай болдог.
- Тухайлбал хөдөө сум, багт амьдарч байгаа хүн гэмтэхэд тухайн амьдарч байгаа газартаа л тусламжаа авах шаардлагатай.
- Анагаах ухаанд архаг хууч өвчнийг урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж анагаах ухаанд хөгжүүлдэг.
- Гэхдээ зайлшгүй мэс заслын өвчин тусах, тухайлбал олгой, цөсний чулуу өвддөг, холгодог, цоорох гэмтэл авах нь осолдож байгаа учраас урьдчилан сэргийлэхэд хэцүү.
Тэгэхээр гэмтэл осолд өртөхөд тэр аймаг суманд нэгдүгээрт яаралтай тусламж, анхны тусламж, эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах нь эрүүл мэндийн байгууллагын зорилго юм.