Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хашиж байсан цэргийг зодож, амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг ердөө долоо хоногийн өмнө гарсан юм. Энэ харамсалтай хэрэгт холбоотойгоор өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Хүний эрхийн дэд хороо хуралдсан. Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагууд оролцсон. Хуралд оролцсон удирдлагууд тухайн асуудалд маш нухацтай хандаж, цаашид дахин ийм хэрэг гаргахгүй байхын төлөө ажиллах хэрэгтэйг хэлж байв.
Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг "Цэрэг амиа алдсан энэ асуудал нь зэвсэгт хүчний хувьд их түлхэц өгсөн" гэж хэлснээр тухайн салбар "сүйрсэн" гэдгээ нотлов.
Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн хувьд цэрэг эр амиа алдсан нь салбарт нь ахиц дэвшил гарах түлхэц болжээ. Одоо л энэ хүн цэрэг эр амиа алдаж, ар гэр нь уй гашууд автаж байхад яагаад нэг ч үг дуугараагүй, өршөөл эрээгүйг ойлгох шиг болов. Зэвсэгт хүчний салбарын толгойд ийм "хямд" бодолтой "мануухай" суусан учраас ийм их гарз Монгол Улсад тохиож, нэг гэр бүл нандин үрээ алдлаа.
Энэ хүний "тэнэглэл" үүгээр зогссонгүй. "Цэрэгт нийгмийн бүх давхаргаас, ялангуяа амьдрал зогооход хамгийн хэцүү ядуу давхаргаас хүүхдүүд олноор ирдэг. Энэ бүхэнтэй жилийн хугацаанд ажиллаж, тухайн хүмүүсийг хүмүүжүүлнэ гэдэг нь маш хүндрэлтэй" гэж өөрийн амаар хэлэв. Тэрбээр цэрэгт ядуу хүний хүүхэд явж, ядуу болохоор зодуулж, дарамтлуулж байгааг нотоллоо. Ядуу нь эх орноо хамгаалах үүрэгтэй очиж үхэж үрэгдэж, баян нь мөнгөө төлж цэргээс мултардаг гэдгийг батлав.
Үүнээс гадна "Хүний амь эрстсэн энэ асуудлаас гадна иймэрхүү ёс зүйгүй, харилцаагүй асуудал манай цэргийн алба хаагчид дунд гарч байсан" гэдгийг мөн хэллээ. Тэгвэл хүний амь эрстсэн энэ асуудлаас гадна ижил төстэй хэргүүд өрнөдөг нь үнэн болж таарав. Харин Хошууч генерал Д.Ганзориг эдгээр асуудалд хэдийнэ "дөжирсөн" байжээ.
Д.ГАНЗОРИГ ОГЦОР! ЭС БӨГӨӨС ЦЭРЭГ ЭРС ТАНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЧАДАХГҮЙ НЬ
Түүний хэлсэн эдгээр үгс энэ албан тушаалд тэнцэхгүй гэдгийг баталлаа. Амнаасаа унагасан үг бүрийнхээ тоогоор эр цэргийн албанд хүүгээ үдсэн мянга мянган эцэг эх, эх орныхоо төлөө эр цэргийн алба хашиж буй залуусаа доромжлов.
Ээж, аавдаа нандин хөвгүүн бүрийг "Эх орон чинь дуудаж байна" гэж авч явсан атал амь насыг хохироогоод зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй болгож орхичхоод хээв нэг "манайд ийм асуудал болсоор ирсэн" гэж ярьж суух тань зөв үү. Танд Зэвсэгт хүчнийг удирдах ёс зүй алга, хандлага алга, сэтгэл алга, хүний эрхийн мэдрэмж алга. Цэргийн зарлан "үхлийн зарлан" болж Зэвсэгт хүчин нь "оршуулга" болох дөхлөө. Өөрийн амнаас гарч байгаа нэг үгээ удирдаж чадахгүй Д.Ганзориг Монгол Улсын Зэвсэгт хүчнийг толгойлно гэдэг юу л бол доо.