ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний албан тушаалд дахин хоёр удаа өрсөлдөх боломж олгосон хуульд гарын үсэг зурсан талаар ВВС мэдээллээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд төрийн тэргүүнд 35-аас дээш насны, тус улсад 25-оос доошгүй жил амьдарч буй, урьд нь өмнө хэзээ ч гаднын иргэншилтэй байгаагүй, ОХУ-ын иргэн дэвших эрхтэй гэсэн заалтыг тусгажээ. Ингэхдээ Холбооны Үндсэн хуулийн дагуу Оросын бүрэлдэхүүнд орсон улсын иргэний нэр дэвших эрхийг нь баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, Крымийн оршин суугч нэр дэвших эрхтэй болж байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ албан тушаалыг хоёр удаа хашиж байсан эсвэл сонгууль явуулах тухай шийдвэр албан ёсоор зарлагдсан өдөр ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёр дахиа хашиж буй иргэн ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрхгүй гэж заажээ. Гэхдээ энэ хуулийн заалт Путинд үйлчлэхгүй. Хуулийн дагуу Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох үед төрийн тэргүүний албан тушаалыг хашиж буй хүний өмнөх бүрэн эрхийн хугацааг тэглэнэ гэж заасан байна.
Владимир Путин 2000, 2004, 2012, 2018 онуудад ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Дээрх хуулийн дагуу тэрбээр 2024 болон 2030 онд ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой болж байна. 2008-2012 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Дмитрий Медведев ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөөс зургаан жил болгон сунгах санал гаргаж, хожим нь Үндсэн хуулиар баталгаажсан байдаг. Гэхдээ Медведевийн бүрэн эрхийн хугацаа 2012 онд дууссан тул түүнд энэ нэмэлт өөрчлөлт үйлчлээгүй. Путин Кремльд эргэн ирсний дараа Медведев Засгийн газрыг тэргүүлсэн. 2020 онд В.Путин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санаа гаргасан ба удалгүй Медведев огцорсон билээ.
Владимир Путин 2000 онд Ерөнхийлөгчөөр анх сонгогдсоноос хойш Оросын хамгийн хүчтэй улстөрч болсон. Хэрэв тэрбээр 2036 онд хүртэл эрх мэдлээ хадгалж үлдвэл ЗХУ-ыг 29 жил удирдсан Иосиф Сталины тогтоосон амжилтыг эвдэх юм гэж “The Guardian” мэдээлжээ.
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга 2020 оны зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 1-ний хооронд болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг сонгогчдын 77.92 хувь нь дэмжсэн бол 21.27 хувь нь эсэргүүцжээ. Санал асуулгад сонгогчдын 67.97 хувь оролцсон байна.