Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгийн "itoim.mn" сайтад өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Дэлхийд батлагдсан ганц арга бол хөл хорио. Энэ аргыг яаралтай хэрэгжүүлж халдварын тархалтыг хумихгүй бол цаашдаа нас баралт болон өвчин нь хүндэрч байгаа хүний тоо ихээр нэмэгдэх аюултай
- Ачаалал нэмэгдэж тусламж үйлчилгээ үзүүлж чадалгүй хүн амь насаа алдахаар эмч нарын сэтгэл санаанд маш хүнд тусна. Сэтгэл санаагаар унасан эмч мэргэжилтнүүд амиа хорлох тохиолдол олон улс оронд гарч байна.
- Энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо 1000 давах бодит аюул тулгарч байна. Мянган тохиолдлоос ч илүү их халдвар бүртгэгдэж магадгүй.
- Манайх хөл хориог хэтэрхий бага хоног тавьж, халдварын гинжин хэлхээ тасраагүй байхад нь хөл хориогоо сулруулснаас болж халдвар өнөөдөр өргөн тархчихлаа. Ялангуяа хамгийн сүүлийн 12 хоногийн хөл хорио бол ямар ч үр дүнгүй байсан.
- Нөхцөл байдал маш хүнд байгаа. Одоо ер нь бүх эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн. Дахиж хүн нэмж хүндэрвэл ер нь том асуудлууд үүснэ.
- Эрчимт эмчилгээний орнуудыг нэмээд тавьж болно. Хамгийн гол нь эрчимт эмчилгээгээр бэлтгэгдсэн хүний нөөц маш хязгаарлагдмал байна. Тэгэхээр хэчнээн ор бэлдээд нэмлээ ч хүний нөөц байхгүй бол нас баралт нэмэгдэж асуудал үүснэ.
- Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс халдвар тараах магадлал эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс илүү. Гэр бүлийн хүмүүстэйгээ хамт байгаа учраас бидний зүгээс өөрийгөө хамгаалаарай, тустай өрөөнд байгаарай гэж хэлж байгаа.
- Гэрээр эмчлүүлэх арга бол үнэхээр аргаа барсан арга л даа. Эмнэлэг нь авах гэхээр ор болон хүний нөөц байхгүй учраас гэрт нь үлдээхээс өөр арга байхгүй.
- Хүн амын 80 хувийг вакцинд хамруулж байж сүргийн дархлаа тогтох боломжтой. Гэхдээ вакцин бол халдвараас сэргийлэх одоо бидэнд байгаа ганц арга.
- Вакцин нь халдвараас 100 хувь сэргийлэхгүй ч гэсэн вакцин хийлгүүлээд халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас баралтаас маш сайн сэргийлж чадна.
- Вакциныг эрчимжүүлэх нь чухал, гэхдээ үүнийхээ хажуугаар халдварын тархалтыг хумих арга хэмжээг зэрэг авч явахгүй бол вакцины үр нөлөө муудна.
- Хамгийн сүүлд Фпайзер вакцин хийлгээд халдвар авсан хүн бусдад халдварлуулах магадлал маш бага байна гэсэн байсан. Тэгэхээр вакцины бүрэн тунгаа авсан хүмүүс халдвар авлаа ч бусдад шууд халдаахгүй гэж хэлж чадах үндэслэл одоогоор байхгүй.
- Бид бол тангараг өргөсөн эмч хүмүүс. Бидний хамгийн гол, нэгдүгээр зорилго бол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргах түвшний хүмүүст энэ нь нэгдүгээр зорилго нь биш л байдаг байх.
- Бид маш удаан хугацааны туршид халдварыг бага дээр нь барьж авах саналуудыг байнга явуулж байсан. Ямар эрсдэлтэй байна вэ, яаж ажиллавал тархалт буурахаар байна зэрэг саналуудыг тоогоогүйн улмаас одоо ийм нөхцөл байдалд хүрчихээд байна.
- Бидний саналыг хүлээн авч хамтарч ажилласан бол одоо вакцинжуулалтын үр дүн маш хурдан гарахаар байсан. Мөн халдвараа бүрэн хумьж чаддаггүй юм аа гэхэд кластер халдварын үед нь барьж байх боломж байсан.