Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн гэх хэрэг гарсан билээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна.
Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр "Дөрөвдүгээр сарын 2-нд 21:29 минутад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Залуу Монгол корпорацийн байранд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад анх ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсээс очиж ажиллан холбогдох гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авсан. Хохирогч Энхбатын тухайд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар, мэдээлэлт авсан. Тухайн хүний биеийн байдал, эмчлүүлэх хүсэлт гаргасныг хангаж өгсөн байгаа. Энэ хэрэгт холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулашгүйгээр баривчлан хорих 461 дүгээр ангид хүргэгдсэн байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллуулах саналаа Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс прокурорт хүргүүлсэн байгаа.
Холбогдох гэрчүүдээс тайлбар авсан. Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулж мэдүүлэг авсан. Түүний гэмтлийн зэргийг нь тодорхойлохоор шүүх эмнэлэгт хандсан" гэх тайлбарыг өгсөн юм.