“Тэр” буландаа дуучин Чулуунбаатарын Уранхолбоог урьж ярилцлаа. Охидын “Гала” хамтлагийг байгуулан уран бүтээлийн гараагаа тэсрэлт хийн эхлүүлж байсан түүнтэй уран бүтээл, гэр бүл, “Хөөрхөн дэлхий” сан болон шинэхэн номынх нь талаар ярилцлаа.
Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.
-Өнөөдрийг хүртэл өөрийг тань хүмүүс “Гала” хамтлагийн Ану гэдэг нэрээр илүүтэй мэднэ. Дуучин Ч.Уранхолбоо ямар мэргэжилтэй вэ?
-Сайн байцгаана уу? Намайг Чулуунбаатарын Уранхолбоо гэдэг. Олонд танигдсан нэр маань “Гала” хамтлагийн Ану. Миний хувьд Олон улсын бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Үндсэн мэргэжил маань эрх зүйч юм.
-“Гала” хамтлагийн талаар ярихгүй байж болохгүй байх аа?
-16 насандаа охидын "Гала" хамтлагийг байгуулж байсан. Анхны уран бүтээл “Хөвгүүн” дуу байсан. Амнаас аманд дамжсан тэр хит дуунуудыг бид хоёр орчин үеийн хэв маягт шилжүүлэн дуулсан. “Хөвгүүн” дуу гарсан даруйдаа бүх топ чартуудыг тэргүүлж, бид хоёр анхны бие даасан тоглолтоо “UB Palace”-ын “Open Air”-ын 20 мянган үзэгчтэй талбайг анх удаа дүүргэсэн. Тухайн үед 15, 16 настай гэлтгүй өөрсдөдөө стиль имиджээ бүрдүүлж, судалгаа хийж, хэрэндээ л өөрсдийгөө олонд таниулахын тулд хичээж ажиллаж, анхны клип, анхны тоглолт гээд маш олон ажлуудыг хийж байсан.
-Хамтлаг тарсны дараа соло уран бүтээлээ эхлүүлсэн шүү дээ. Ганцаараа үлдээд уран бүтээлээ үргэлжлүүлэх тэр үеийг эргэн дурсвал.
-“Гала” хамтлаг тарсны дараа сэтгэл зүйн хувьд амаргүй байсан. Ганцаараа үлдээд найзыгаа үгүйлэн уйлж хоносон өдрүүд олон байсан шүү. Тухайн үед надад “Гала”-гын Ану гэхээс өөр алдар нэр үлдэхгүй юм шиг санагдаж тэгтлээ их ганцаардаж байсан. Гэр бүл хүнд байгаа учраас бүх зүйлийг даван туулдаг юм байна. Энэ цаг мөчийг даван туулсны дараа соло карьер эхэлсэн. Хажуугаар нь нийгэм рүү хандсан ажлуудаа эхлүүлсэн.
-Гэр бүлийнхээ хүнтэй анх хэрхэн танилцаж байв?
-Маш их аз жаргалд хөглөгдөөд уран бүтээлээ ганцаараа эхлүүлээд явж байх үедээ би ханьтайгаа таарсан. Миний хань намайг “Гала”-гийн Ану байхаас л мэддэг байсан юм билээ. Миний хамтран ажилладаг эгчийн дүү нь байсан юм юм.
Бид хоёр урд амьдарч байх үедээ анхны охиноо олж, монголдоо төрүүлж байсан. Үргэлжлээд дөрвөн жилийн дотор таван охинтой болсон доо.
-Ану “Хөөрхөн дэлхий” санг байгуулснаасаа хойш олон хүүхэдтэй болох хүсэлтэй болсон болов уу?
-Бид ихэр хүүхэдтэй болоод маш их аз жаргалтай байсан. Яагаад гэвэл би хүүхэд байхаасаа л “Би ихэр хүүхэдтэй болно. Би дуучин болно. Би олон хүүхэдтэй болно. Би хүүхдэд үнэхээр хайртай” гээд л ярьдаг байлаа. Хүн амны билгээр ашдын билгээ дуудаж байдаг гэдгийг амьдралаасаа харсан.Таван охиныхоо төлөө би үргэлж зөв хүн байхын төлөө хичээж байгаа.
-Хэвлэлээр янз бүрээр л хэлүүлж байсан үе олон. Тэр бүхнийг хэрхэн даван туулж байв?
-Янз бүрээр бичүүлнэ. Танихгүй хүнтэй холбочихно. Миний хань дандаа намайг хөтлөөд алхчихна. Юу ч байсан даваад гарна, өө, болно оо гэдэг. Тийм болохоор өнөөдөр би юунаас ч эмээхгүй, зоригтойгоор ажиллаж, амьдарч байгаа.
-Олон нийтийн зүгээс ирдэг ямар хандлагад дургүй вэ?
-Харагдах үзэмжээр эмэгтэй хүнийг дүгнэдэг тэр өнцөгт би дургүй.
Дуусашгүй их эд баялаг, хүрч боломгүй нэр алдрын төлөө би хэзээ ч хөөцөлдөөгүй. Хэн ч биднийг юу ч гэж хэлж байсан бид хоёр чиг баримжаагаа хэзээ ч алдахгүй шүү гэж хоёр биедээ хэлдэг.
-Хөөрхөн дэлхий ТББ-ыг анх хэрхэн байгуулж байсан бэ?
-“Гала” хамтлагийн хөөрхөн сонсогчид дандаа өсвөр насныхан 10 жилийн хөөрхөн хүүхдүүд байсан. Хүүхэд болгоны нүд аз жаргалтай байдаг гэж тухайн үед төсөөлж байсан. Тэгсэн хамтлагийнхаа ажлууд, маш олон ажлуудтай байгаад харсан. Хүүхдүүдийн нүд үргэлж аз жаргалтай байдаггүй, өөр өөр байдаг. Зарим нь гунигтай, зарим нь хэн нэгнийг маш их санасан байсан.
Тэр харцыг олж мэдрээд ер нь хүүхдүүдтэй ажиллая. Тухайн үед сошиал гэж хөгжөөгүй байсан учраас хүмүүс мэддэггүй байх. Маш их өнчин хүүхдүүд байдаг байсан. Гудамжинд амьдардаг хүүхдүүд байдаг байсан. Энэ бүхэнд бид хоёр бага багаар тусалж явж байгаад хамтлаг тухайн үед тарж таараад 2007 оны зургаадугаар сарын 1-нд “Хөөрхөн дэлхий” ТББ-аа байгуулсан.
Хөөрхөн дэлхий ТББ маань 2020 ондоо бид сургалтын тусгай зөвшөөрөл аваад зөвхөн хүүхдүүдэд биш эцэг эх, гэр бүл, нийгэм рүүгээ хандсан сайхан ажлуудыг хийхээр үнэ төлбөргүй цахим сургалтууд бусдадаа санал болгоод явж байна.
– “Тод гэрэлтэх бүсгүй” номоо өлгийдөн авсан. Энэ ном үргэлжилнэ гэж сонссон?
-“Тод гэрэлтэх бүсгүй” ном миний зүрх сэтгэлд удаан байсан ном байгаа. Магадгүй миний амьдралаас авах ч зүйл байж болно. Гээх ч зүйл байж болно.Тэгвэл тэр бүхнийг нэгтгээд эндээс өөртэй хэрэгтэй зүйлсээ олоод аваасай гэж бодоод хоёр маш мундаг найзтайгаа хамтраад энэ номыг гаргасан. Одоо “Тод гэрэлтэх охид” номоо бичиж байгаа. Тун удахгүй уншигчдын гарт хүргэнэ.
-Өөрийг тань сошиал сүлжээнд идэвхтэй влог хөтөлдгийг хэн хүнгүй андахгүй. Энэ олон ажлуудыг хэрхэн амжуулж байна даа?
-Сүүлийн жилүүдэд намайг “сошиал инфлюенсер” гээд л. Сая бүжгийн шоунд орсон намайг “сошиал стар” гээд. За би бол сошиалаар ажлаа хийдэг хүн юм байна аа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.
Өнөөдөр магадгүй хүмүүс намайг гайхаж байгаа байх. Уранхолбоо буцаад л ягаан улаан үстэй болчихсон, тод өнгөөр хувцаслаад, бүжгийн шоунд орчихсон энэ хүн ер нь яагаад байна аа гэдэг ч юм уу.
80 настай болсон ч ягаан өнгөнөөс уйдахгүй ээ гэсэн хүмүүс “За түүн шиг худлаа зүйл байхгүй” гэж байсан. Би “Гала”-гийн Ану байхдаа яг л ийм байсан. Миний үзэл бодол, дотоод дэврүүн байдал бүгд л яг ийм байсан. Нээх их өөрчлөгдөөгүй. Ээж боллоо, олон хүүхэдтэй боллоо гэдэг ч юм уу, цаг хугацаа өнгөрлөө ч гэсэн би нэг зангаараа хүмүүстэй харилцах дуртай.Би өөрчлөгдөхгүй байх. Түүндээ итгэлтэй байгаа.
-Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Тэр төлөвлөгөөний дагуу амьдрал үргэлжилнэ. “Хөөрхөн дэлхий” эмнэлэг байгуулна. Хүүхэд хамгаалах төв байгуулна. Ирээдүйд болох бүх зүйлсийг бид төлөвлөсөн байгаа.