Засгийн газрын гуравдугаар сарын 31-ны хуралдаанаар энэ сарын 3-18-ны хооронд гамшгаас хамгаалах одоогийн бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан.
Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Энэ дагуу 2021 оны 4 дүгээр сарын 3-18-ны өдрүүдэд дараах байгууллагууд ажиллахгүй жагсаалтад оржээ.
- Ресторан
- Лоунж
- Саун
- Бассейн
- Алжаал тайлах төв
- Кино театр
- Үзвэр үйлчилгээ
- Бялдаржуулах төв
- Амралт сувилал
- Сургалтын төвүүд ажиллахгүй.
Улсын хэмжээнд дээрх салбарын үйл ажиллагааг хязгаарлах саналыг Улсын онцгой комиссоос гаргаж Засгийн газар дэмжин иргэдэд ч энэ талаар мэдээллийг өгч байсан юм.
Тодруулбал, дээрх хугацаанд:
- Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
- Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
- Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
- Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
- Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
- Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
- Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
- Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон юм.
14 хоногийн хугацаанд зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхээ Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Харин өчигдрийн хүртэл Нийслэлийн онцгой комисс ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж танилцуулалгүй ажлын цаг дуусгасан бол өнөөдөр өглөө 16 чиглэлийн үйл ажиллагааг баталсан шийдвэрийг танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 06:00 цагаас мөрдөж эхэлж буй хязгаарлалтыг зохицуулсан хотын даргын захирамжийг танилцуулж байна.
Захирамжийн дагуу зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Тухайлбал, зоогийн газрууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй аж. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьсан байна. Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ. Үүнд:
- Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
- Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Бүх төрлийн баар
- Нийтийн бүжиг, бүжгийн клуб
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт таваас дээш хүнтэй бол)
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн
- Дэн буудал
- Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
- Амралт, сувиллын газар
- Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд таваас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй. Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийх ёстой аж. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллах юм байна.
НОК-оос гаргасан шийдвэрт зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах талаар дурдсангүй ээ. Харин "Хязгаарлалт тогтоохгүй худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг 07:00-20:00 хугацаагаар тогтоосугай" гэсэн нэг л өгүүлбэр байх юм.
УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар сарын 31-нд танилцуулсан үсчин, гоо сайхан, томоохон зах, худалдааны төвүүд амралтын өдрүүдэд ажиллахгүй гэснийг Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр бол ажиллахаар болж таарч байна.
УОК-ийн шийдвэрийг дагаад өнөөдөр ажиллахгүй гэж ойлгосон шүү дээ гэх үсчин, гоо сайхны газрууд ч байна.
Хэдий болтол цаг нь дөхүүлж зөрүүтэй шийдвэр гаргах юм бэ НОК оо.
УОК, НОК иргэдэд нэг цонхоор нэг шийдвэрийг танилцуулж, ажиллана гэсэн чинь ахиад л зөрлөө.
УОК, НОК-ийн шийдвэрийн алийг нь дагах юм бэ???