Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцинжуулалтын явцтай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөл хорио тавьж байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг. Монголчууд олон бэрхшээлийг давсаар ирсэн. Синофарм үйлдвэрийн вакциныг улирал дуусахаас өмнө 900 мянган тунг авна. Дэлхийд вакцины эрэлт их байгаа учир үйлдвэрлэл нь дийлэхгүй байна
Вакцинжуулалт дээр сайн муу гэдэг бол худлаа ойлголт. ДЭМБ болон бусад байгууллагууд эрүүл мэндийн шугамаар энэ зөвшөөрөгдөж болно гэсэн вакцин бүхэн сайн вакцин. Хүмүүст вакцин сонголтоор хийх боломж зарим газар хангагдана. Бүх газрыг тэгж хангах боломжгүй байна. Дэлхийн улс орнууд яаж вакцин олох вэ гэдэг уралдаанд явж байна. Үүнийг зөв өнцгөөс тайлбарлах хэрэгтэй байна. Үүнийг буруу өнцгөөс ялангуяа цар тахал, вакцинжуулалтыг улс төрийн зорилгоор битгий ашиглаач гэж хэлэх гээд байна. тусламжийн зорилгоор авбал нэг өөр худалдаж авбал өөр гэж байхгүй шүү дээ. Манай төрийн түшээд ч хариуцлагагүй үгнүүд хэлээд байгаа.
Цар тахал тоглоом биш. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон хүн нас барсан нөхцөл байдалтай болоод байна" гэв.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дөрөвдүгээр сарын 10-наас вакцины хоёрдугаар тунг хийж эхэлнэ. Нэг хоёрдугаар тунгийн давхцлаар өдөрт 40-45 мянган хүнд вакцин хийх хэрэгтэй болно" хэмээв.