Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр харү башёд түрүүлж, Лхагва гарагт озэки цолоо эргүүлэн авсан юм.
Өдгөө 29 настай Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой байгаа аж. Үүний тулд зайлшгүй Японы иргэншил авах шаардлагатай болно. Монгол Улс нь давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул Японы иргэн болохоос өөр аргагүй юм.
Түүний хувьд озэки цолоо эргүүлэн авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн багшдаа хүндэтгэл илэрхийлж, япон нэрээ Исэгахама оякатагийн жинхэнэ нэр болох Сүгиномори болгохоор төлөвлөжээ.
Тэрүнофүжи 18 настайдаа Монголоос Ичиножо болон бусад бөхчүүдийн хамт Японд ирсэн байдаг. Тэрбээр Японд 10 гаруй жил амьдарсан тул иргэншил авахад хүндрэл учрахгүйг эх сурвалжийн мэдээнд дурджээ.
Тэрүнофүжигийн хувьд иргэншлээ сольж буй Монголын найм дахь сүмоч болох гэж байна. Тодруулбал,
2005 онд Кёкүтэнзан Б.Энхбат
2014 онд Токитэнкү А.Хүчитбаатар агсан
2015 онд Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015
2017 онд Шотэнро Д.Нямсүрэн
2017 онд Асасэкирюү Б.Дашням
2019 онд Хакүхо М.Даваажаргал
2020 онд Какүрюү М.Ананд нар Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болж байлаа.