Өчигдөр ХУД-ийн "120 долоон монгол корпараци"-д хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очиж ажилласан байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нь өчигдөр багын найз Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн хэрэг гарсан талаар Э.Энхбат начины гэргий цахим хуудсаар мэдээлсэн байдаг.
Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэх мэдээллийг өгчээ.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс энэ талаар тодруулахад, Улсын начин Э.Энхбат бусдад зодуулж маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн. Тархи болон бүх биеийн битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ эхлүүлээд байгаа гэв.
Түүний гэргий 3 цагийн өмнө фейсбүүктээ дараах постыг оруулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн газраас Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна гэнэ. Н.Түвшинбаяр нь хаягууд дээрээ байхгүй байгаа бөгөөд түүний гар утас холбогдохгүй байгаа аж.
Н.Түвшинбаяр нь 2008 онд Бээжинд болсон зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Монгол Улсаас анхны Олимпийн аварга болсон ба 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-нд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.