Өнөөдөр өглөө Тайваний нийслэл Тайпэй хотоос өмнө зүгийн Тайтун хотын чиглэлд аялж байсан галт тэрэг уулын хонгил дотор осолдсоноос 36 хүний амь үрэгдэж, бэртсэн 44 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар ВВС мэдээллээ.
408 Тароко Экспресс галт тэрэг нийт найман вагонд 350 орчим хүн тээвэрлэж явсан байна. Хонгилын ойролцоох авто зам дээр ажиллаж байсан ачааны машин өнхөрч төмөр зам руу унахдаа цувааны дунд хэсэгтэй мөргөлджээ.
Үүний улмаас цувааны сүүлийн дөрвөн вагон замаасаа гарахдаа хонгилын ханыг мөргөж, хүчтэй шахагдсан байна.
Хонгилоос гараад байсан эхний дөрвөн вагоноос 80-100 орчим хүнийг гаргасан бол хонгил дотор осолдсон таваас найм дахь вагонуудад хүрэхэд хэцүү, бартаа саад ихтэй байгааг аврах албаныхан мэдээлсэн байна. Сүүлийн вагонуудад гацсан хүмүүсийг аврах, амь үрэгдэгсдийн цогцсыг гаргах ажил үргэлжилж байгаа ажээ.
Ханш нээх баярын амралт эхэлж байгаатай холбоотой нийслэл Тайпэй хотоос олон хүн орон нутгийг зорьжээ. Тиймээс галт тэргэнд суудал хүрэлцэхгүй, олон хүн зогсоогоор зорчсон байна.
1981 онд Тайвань арлын хойд хэсэгт гарсан төмөр замын ослын үеэр 30 хүний амь үрэгдэж байсан юм. Энэ удаагийн осолд нь сүүлийн 40 орчим жилийн хугацаанд гарсан хамгийн том осолд тооцогдож байгаа юм.