Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд сар гаруйн хугацааг үдлээ. Энэ хугацаанд вакцинд хамрагдсан 532 иргэн халдвар авчээ. Иймд иргэд дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай.
"Вакцины эхний тунг авснаас хойшхи 14 хоногийн хугацаанд дархлаа тогтож амжаагүй байдаг. Харин хоёр дахь тунгаа авсны дараа 14-28 хоногийн дараа дархлаажуулалт бүрэн тогтоно. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах ёстой" гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа зөвлөлөө.
Хэрвээ та дархлаажуулалтад хамрагдсаны дараагаар халдвар авсан бол 6-8 сарын дараа дахин вакцинд хамрагдах шаардлагатай гэдгийг сануулъя.
Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж маскаа зүүж, зайгаа барьж, олон хүнтэй газраас зайлсхийж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийх ёстойг анхаарна уу.