УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад КОВИД-19-aac урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэхүү хэлэлцээрт өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гарын үсэг зуржээ.
Энэхүү зээлийн хэлэлцээрийг баталснаар хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулалтад хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс даяар түгээх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна энэхүү вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэх ажээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, зээлийн эргэн төлөх хугацаа жил бөгөөд эхний таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.