Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирус цар тахал дэлхий даяар дэгдэж, хүн бүр өдөр хоногийг айдастай өнгөрөөж байна. Манай улс дотооддоо халдвар алдаад жил гаруйн хугацаа өнгөрч , үүний улмаас олон сарын турш үргэлжлэх хөл хорио, цагийн хязгаар зэрэг нь иргэдийг маш ихээр бухимдуулаад байгаа. Энэ хугацаанд иргэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж ээлж дараалан жагсах болсон юм.
Тухайлбал он гарсны дараагаар буюу нэгдүгээр сарын 19-ны өдөр “Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирус илэрсэн учир идэр есийн хүйтэнд гэрийн шаахай, халаттай нь машинд суулгаж буй дүрс цахимд тархаж нийгмийг цочролд оруулсан. Энэ явдалтай холбоотой иргэн А.Отгонбаатар жагсаж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн" улмаар Засгийн газар огцорсон байдаг.
Мөн үүнээс хойш төв талбайн жагсаал ээлж дараалан үргэлжилсэн. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендерийн үндэсний хорооны хурлын үеэр "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихэсч, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна" гэж хэлсэн нь иргэдийг бухимдуулж мартаар жагсахад хүргэсэн.
Мөн үүний дараагаар С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж дүүгээ суллахыг шаардсан. Тэрбээр долоон хоногийн турш “Нэхүүл” хөдөлгөөний хамгаалалт дор төв талбайд жагссан байдаг.
Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ны өдөр цэргийн даргадаа зодуулж амь насаа алдсан цэрэг эрийн төлөө иргэн Г.Мөнхжаргал талбай дээр нүцгэн жагссан юм. Тэрбээр “Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Би одоо энэ талбайд бүтэн цаг цээж нүцгэн зогсоно” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан боловч түүнийг цагдаагийн алба хаагч нар баривчлан Сүхбаатар дүүргийн I хэлтэс дээр мэдүүлэг авчээ.
Яагаад зөвхөн цэрэг эрийн төлөө эсэргүүцлээ илэрхийлсэн Г.Мөнхжаргалыг баривчлав?
Урьд өмнө нь төв талбайд маш олон асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан өрнүүлдэг байсан. Саяхан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат төв талбай дээр долоон хоногийн турш өлсгөлөн зарласан. Гэтэл тухайн хүнийг цагдаа баривчлаагүй атал цэрэг эрийн төлөө эсэргүүцлээ илэрхийлсэн Г.Мөнхжаргалыг баривчиллаа.
Энэ явдлын дараагаар цагдаагийн алба хаагчид хэний заавраар, юуны төлөө Т.Хүрэлбатыг “зүгээр” өнгөрөөж байна гэх асуулт үүсэж байгаа юм. Т.Хүрэлбат бүхэл бүтэн хөдөлгөөнөөр хамгаалуулж, цагдаагийн алба хаагчдаар хүрээлүүлэн долоон хоног болсон. Харин Г.Мөнхжаргал 30 минут ч хүрэлгүй төв талбай дээрээс хөөгдөж, баривчлагдсан.
Цагдаагийн алба хаагч нар хэн нэгний заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байна уу эсвэл жирийн иргэдийг "дээрэлхэх" ёс тогтсон юм уу. Т.Чимгээгийн ах үзэл бодлоо илэрхийлж долоон хоног төв талбайд хонож болно. Харин цэрэг эрийн төлөө дуугарсан жирийн иргэн төв талбайд 30 минут ч зогсох ёсгүй юм уу. Цагдаа нар ичиг ичиг!!! хууль хэнд нь үйлчилж, харин хэнд нь гууль үйлчилдэг юм бэ?