Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд зарим үүрэг даалгавар өгч, тус салбарын шинэчлэлтэй холбоотой санал дэвшүүлэв.
Тэрбээр “Иргэд нийтийн тээвэрт итгэдэг болж байж энэ олон машины хэрэглээ багасна.
Сангийн яам нийт төрийн албан хаагчдын хэд нь машинаар явж байна вэ гэдгийг нарийвчилсан тооцоо гаргамаар байна. Приусээр ирж байна уу, дарга нар нь Ланд 200-гаар ирж байна уу гэдгийг машиных нь маркаар нь гаргамаар байна. Унаж ирсэн машинаа яг хаана тавьж байна вэ. Жишээ нь, Төрийн оронд ажилладаг албан хаагчид, хотын төвд байрладаг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газрынхан хаана машинаа тавьж байна. Улаанбаатар хотын төвд байгаа тэр олон өндөр байшинд байгаа хүмүүс машинаа хаана тавьж байна вэ.
Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага. Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг.
Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно. Машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно. Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй. Зарим нь хөөрхий гэр хороололд байгаа.
Машинаа зогсоолд байрлуулах гээд хугацаа, зардал гаргаж байхаар автобус ирээд авчихдаг болбол төрийн албан хаагчдад илүү хялбар байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр хамт олны сайхан уур амьсгал бүрдэж ч болох юм. Иймэрхүү шийдлүүдийг цогцоор нь хараад бага багаар шийдээд явчихдаг баймаар байна.
Бүх машины бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Буруу талдаа жолооны хүрдтэй хэдэн машин байна, хэдэн Приус байна гэхчлэн тодорхой болгох шаардлагатай" гэв.