Монгол Улсад сүүлийн долоо хоногт Covid-19 халдварын тохиолдол эрчимтэй өсч байна. Нийслэлд эрсдэлгүй хороо, дүүрэг байхгүй гэдгийг албаныхан анхааруулсан. Улмаар халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй гэгдэж байсан түр саатуулах байранд халдвар бүртгэгдсэн билээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд гуравдугаар сарын 23-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сарын 31-ий байдлаар тус саатуулах байрнаас 119 хүнээс халдвар илрээд байгаа бөгөөд энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь нь аж. Тиймээс 461 дүгээр ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.
Тэгвэл Дарь-Эх дэх баривчлах байранд гуравдугаар сарын 22-нд Covid-19 халдварын анхны тохиолдол батлагдсан өдрөөс хойш өчигдрийг хүртэл нийт 17 алба хаагчаас халдвар илэрчээ. Үүнээс хоёр хүнийг цэргийн төв эмнэлэгт, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч, дэд ахлагч нарыг ХӨСҮТ-д бусад 13 алба хаагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалт бэлтгэлийн төвд тусгаарласэн байна. Тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Дарь-эх баривчлах байранд хоригдож байгаа баривчлах шийтгэлтэй, халдварын сэжигтэй тохиолдол нь батлагдсан нийт 86 этгээдийг зочид буудал руу шилжүүлэн тусгаарласан байна. Одоогоор Дарь-эх баривчлах байрны ажилчид болон саатуулагдсан этгээдэд халдварын шинж тэмдэг илрээгүй үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юм.
Үүнээс гадна Банязүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах Баривчлах төвд Сонгинохайрхан эрүүгийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 15 этгээдийг гуравдугаар сарын 30-ны өдөр хуяглан хүргэж өгчээ. Саатуулагдсан этгээдүүдээс асуумж авч түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад иргэн Э-ийн хариу нь эерэг гарсан байна. Тиймээс тус байрыг тусгаарлан үйл ажиллагааг нь зогсоожээ. Улмаар иргэн Э-тэй нэгдүгээр хавьталд орсон тус төвийн таван алба хаагчаас гуравдугаар сарын 31-ний өдөр өдөр PCR шинжилгээ авахад бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Дээрх алба хаагчдыг хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлан 6-7 хоногийн дараа давтан шинжилгээг авна. Ямартай ч ШШГЕГ-ын дарга Д.Загджав “Халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа учраас байгууллага дотроо халдварыг алдаагүй” гэдгийг онцолж байв.