Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож, бэртээсэн хэрэг гарсан. Байлдагч Б нь эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даалгүй өнгөрсөн лхагва гарагт шилжих шөнө нас барсан билээ.
Тэгвэл өчигдөр дахин нэг цэргийн алба хаагч бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагч Х сум алдаж, өөрийгөө бэртээсэн осол гарчээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 032 дугаар анги цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнийхөө дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг 2021 оны гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Хужир булан дахь Сургалтын төвд зохион байгуулсан байна.
Улмаар байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн дадлагын хичээлийг 10:00-15:00 цаг хүртэл хуурай дадлагаар, 15:00 цагт байлдааны сумтай дадлагыг явуулсан аж. Гэтэл буудлагын үед КПВТ буу нь гацсан бөгөөд түүний гацааг гаргахаар ахлагч З, ахлагч Х нар ажиллаж байхад үед сум алдаж, ахлагч Х-гийн баруун хөлийн ул, өсгийн орчмоор сум тусжээ.
Одоогоор тухайн цэргийн алба хаагчийн биеийн байдал хэвийн, хөдөлгөөнийг нь түр хязгаарлан гипс тавьжээ.