Дэлхийн кино урлагийн трэнд сэдэв "Зомби"-той маш олон төрлийн кинонууд бий. Харин кино сонирхогч таны хувьд Монголын зомбитой киног нэг ч үзээгүй болов уу. Үнэндээ Монголчуудад ур чадвар нь байгаа хэдий ч хөрөнгө мөнгө санхүүгээс хамааралтай олон нөхцөл байдал үүсдэг байв. Тэгвэл Монголын кино урлагт шинээр мэндэлж буй гурван уран бүтээл тэр дундаас Зомби болон фантастик жанрын анхны уран бүтээлүүдийг хийж буй "Тоонот" пикчерсийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Батбаатартай ярилцлаа.
-"Тоонот" пикчерсийн цоо шинэ уран бүтээлүүд нээлтэй хийх сураг сонсогдлоо. Одоогийн байдлаар ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?
-"Тоонот" пикчерс анх байгуулагдсан цагаас хойш гурван уран бүтээл дээр ажиллаж байна. “Сүүдрээр гэтэгч”, “Зургаан чөтгөр”, “Цасан хүн” гэсэн уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. "Цасан хүн" уран сайхны киноны хувьд дөнгөж саяхан зураг авалт нь дууссан. Ерөнхийдөө энэ киног тавдугаар сард нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Солонгос уран бүтээлчидтэй хамтран хийж байгаа "Зургаан чөтгөр" киноны талаар танилцуулбал?
-"Зургаан чөтгөр" киноны хувьд өнгөрсөн жил зураг авалтаа хийсэн. Солонгосын арав гаруй жүжигчин ирсэн. Пак найруулагч найруулагчаар нь ажилласан. Тухайн киноны ард талд нь Тоонот пикчерс болон Солонгосын кино компанийн хамтарсан уран бүтээл болгон гаргаж байгаа. Зургаан чөтгөр киноны ард талд Монголын баг хамт олон ажилласан. Одоо энэ киноны Солонгост засварын ажил явж байгаа. Дуу оруулалт нь Солонгост хийгдэж дууссан. Энэ хорио цээр тавигдахад киногоо нээх төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө графикийн ажил дээр маш их цаг орж байгаа. Нийт киноны 60-70 хувь нь графикийн ажил байгаа.
-Киноны агуулгын хувьд?
-Киноны агуулгын хувьд шинжлэх ухааны сэдэвтэй. Хүн төрөлхтөн үргэлж төгс зүйлийг эрж хайдаг юм байна. Тийм ч учраас төгс хүн бүтээх төгс байлгах төгс ямар нэгэн эд зүйл бүх техник технологийн төгс болгох гэж хичээж байна. Ялангуяа шинжлэх ухааны туршилтыг ашиглан гэм нүгэлтэй, гэм төлөөстэй хүмүүс дээр туршилт хийж, аймшигтай үр нөлөөгөөр маш олон зомбиг бий болгож байгаа юм.
-Солонгос болон Монгол жүжигчидтэй хамтран ажиллахад ямар ялгаатай байна вэ, Ур чадварын хувьд ялгаа байна уу?
-Мэдээж хэрэг Солонгос жүжигчид Монголд ирэхэд цаг уурын асуудал байдаг юм. Солонгосчуудтай хамтарсан кинон дээр өвөл зураг авсан. Монголын өвөл маш хүйтэн чанга шүү дээ. Гэтэл Солонгос жүжигчид зураг авалт дээрээ нимгэн нойтон хувцастай, Солонгосын цаг уураар хувцаслалтаа шийдсэн байдаг. Мөн дээрээс нь цаг уур, орчин солигдсон даруй жүжигчдийн сэтгэл санааны байдал өөрчлөгддөг. Монгол жүжигчдийн хувьд асуудал бараг байхгүй. Бид нар чинь хүн ам цөөтэй болохоор тэр юм уу нэг хүн их олон ажил гүйцэтгээд сурчихсан байдаг. Солонгост бол яг л хийх ёстой зүйлээ хийдэг. Олон талын зүйлд анхаарахгүй. Гэтэл Солонгос жүжигчдийн хувьд аюулгүй байдал, эрх зүй гэх мэт маш олон зүйлс шаардагддаг юм билээ. Мөн тэдний хувьд авах тал нь өөрсдийгөө маш сайн бэлддэг. Яагаад гэвэл тэдний дунд асар их өрсөлдөөн байдаг учраас. Мөн хувийн бэлтгэлээ өндөр хангадаг текст, жүжиглэлт гэх зэргийг нягт нямбай хийдэг.
-"Зургаан чөтгөр" буюу Зомби сэдэвтэй УСК-нд тоглох жүжигчдыг хэрхэн шалгаруулж авсан бэ?
-Жүжигчдийн сонголтын хувьд “Зургаан чөтгөр” кинонд Солонгос улсаас 1500 гаруй жүжигчин пробонд орсон. Тэр дундаасаа сонгосон. Харин зэрэглэл өндөртэй жүжигчдийг гэрээ байгуулан хамтран ажилласан. Тухайн кино нь маш их ажиллагаатай учраас жүжигчдийг сонгох тал дээр их анхаарсан. Мөн маш сайн төлөвлөсөн.
-Зураг авалт хийх газрууд яаж сонгосон бэ?
-Солонгосчуудын хувьд Монголд ирэхэд Тэрэлжийг л мэддэг. Тиймээс "Сүүдрээр гэтэгч" УСК-г Дуган хад руу явж авч байсан. Энэ газрын байгаль орчин нөхцөл маш гоё харагддаг. Мөн Ёл уул их сүрлэг байж билээ. Мөн Гүнтэд зураг авалт хийсэн. Түүнээс гадна Улаанбаатар хотод маш их зураг авалтуудыг хийсэн. Улаанбаатар хотоо маш үзэсгэлэнтэйгээр гоё сайхнаар харуулсан. Яагаад гэвэл бид өөрсдийн хотоо хамгийн сайхнаар илэрхийлэх маш чухал байгаа юм.
-Кинонуудын год дүрийн жүжигчдийн хувьд?
-“Сүүдрээр гэтэгч” УСК-нд Солонгос талаас нэг жүжигчин гол дүрд Монгол талаас Пүрэвжаргал тоглосон. И сол гү, Эрик гэх зэрэг зургаан жүжигчин Монгол талаас Цогоо гуай, Төмөрхуяг, Пүрэвжаргал зэрэг хүмүүс оролцон тоглосон.
-Тухайн кинонуудын онцлог дурдвал?
-"Сүүдрээр гэтэгч" кино нь фантастик жанраар бүтсэн учраас ид шидийн зүйлүүд маш ихтэй. Мөн дууны хувьд урд нь хийгдэж байгаагүй байдлаар анхаарал тавьж ажилласан. “Зургаан чөтгөр” киноны хувьд мэдээж хэрэг зомбитой график ихтэй, Монголд зураг авалтуудыг хийсэн. Гэхдээ 100 хувийн Солонгос жүжигчид тоглосон үүгээрээ их онцлог уран бүтээл. Цасан хүн кино нь сэтгэлзүйн драм бас нууцлаг төрөлд багтаж байгаа.