УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр суллагдлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа цагдан хорьсон юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхлүүлдэг. Нэр дэвшигчийн үнэмлэхийг баталгаажуулсны дараа Н.Номтойбаярыг саатуулсан нь олон хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь ч мэдээлж байлаа. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг нотлох баримттай, үйлдэл дээр нь бариагүй бол саатуулахгүй байсан ч түүнийг саатуулж, нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир гардаж авч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүний сонгуулийг удирдсан юм.
Тэгвэл тэрээр өнөөдөр суллагдаж твиттер хуудсаараа "Та бүгд сайн байна уу? Улс төрийн хорионд 307, ажилласны шагнал +57 авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна" гэжээ.
Сануулахад, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял оноосон. Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял болгон бууруулж, шийдвэрлэсэн.