УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний эрх хамгаалагч эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боло хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Манайд хүн дутаагүй, зориг дутсан. Шударга ёс дутсан. Арай гэж таван гишүүний бүрэлдэхүүнтэй ХЭҮК-ийг байгуулаад авсан чинь долоон хүн, орон тооны бус баахан хүн гаргаж ирчихээд байна. ХЭҮК-ийн таван гишүүнийг нэгээр нэмнэ ч гэх шиг солиотой юм хийж байна. Өөр хийх ажил алга уу, хүний эрх зөрчигдөөд өчнөөн зөрчигдөөд байна. Тэр цэрэгт хүүхдээ явуулаад алдчихсан эцэг, эх уйлаад сууж байна. Та нар шиг цаас эргүүлж, орон тоо нэмээд байгаа нь буруу арга барил байна. Наадахаа өөрчил, ажил хийгээч ээ, та нар. Сандал ширээ, өрөө тасалгаагаар л эргэлдэнэ. Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ, одоо хүн хүүхдээ цэрэгт явуулж болохгүй болж байна шүү дээ" хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд шүүмжлэлтэй хандлаа.