
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.
Тэгвэл Төв аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх өнөөдөр хаалттай хянан хэлэлцсэн юм.
Улсын Дээд Шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.
Шүүхээс тэднийг эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон байна.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 мянган төгрөгөөр тогтоов.