Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэл хийж байна. Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал С.Дашзэвэг, Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Д.Ариунболд нар мэдээлэл хийлээ.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал С.Дашзэвэг “2021 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулчин, байлдагч Д-гын биед халдаж, цэргийн дүрмийн харилцааны бус зөрчил гарган биед нь хүнд гэмтэл учруулсан.
Монгол Улсын ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалаас тухайн өдөр яаралтай арга хэмжээ авч, байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч, байлдагч Б нь 2021 оны гуравдугаар сарын 30-нд харамсалтайгаар амь насаа алдлаа.
Талийгаачийн аав, ээж, ах дүү төрөл төрөгсдөд Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнээс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна.
Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас албаны хяналт шалгалт явуулж, болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
БХЯ, ЗХЖШ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргаад байна.
Үүнд, нэгдүгээрт, Зэвсэгт хүчний 326 ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Хоёрдугаарт Зэвсэгт хүчний хуурай замын командлалын тодорхой албан тушаалтнууд, хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Мөн түүнчлэн БХ-ын сайд, ЗХЖШ-ын дарга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг зөрчил, түүнийг таслан зогсоох чиглэлээр зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хурал зохион байгуулж дараах үүрэг чиглэлийг хүргүүлээд байна.
Үүнд:
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж бүх шатны офицер, ахлагч нарын албаны төлөвшил, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоохоор шийдвэрлээд байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын нөхцөл байдлыг эцэг эх, ар гэрийнхэнд нь танилцуулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Тус хэрэгт холбогдолтой дэслэгч Г-г ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн, хэрэг бүртгэлт мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа" гэлээ.