Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн талаар мэдээлэл хийлээ. Түүний зорилго нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга болон хонгилын шүүгч нар улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа тул АТГ-т хандаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга болон хонгилын шүүгч нарын нуун дарагдуулсан хохирлыг ил болгож, нэхэмжлэх зорилгоор хэвлэлийн хурал хийж байна. Тухайн үед Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар нь А.Гансүх ажиллаж байхдаа улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Би энэ хонгилын шүүгч, прокурорыг өнөөдөр зарлах гэж байна” гэлээ. Ингээд өөрт байгаа баримтыг танилцуулав.
“Х.Баттулга өөрийн хүмүүсээ албан тушаалд томилж, луйврын ажлаа эхлүүлсэн”
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” гэдэг компани улсаас нэг ч төгрөг гаргахгүй өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулах гэрээ байгуулаад байсан. Гэтэл 2012 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар нь А.Гансүх нар томилогдсон даруйдаа “Энержи ресурс”-н гэрээг цуцалж “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Эндээс Х.Баттулга, А.Гансүх нар хулгай луйврын ажлаа эхлүүлсэн. 2013 оны тавдугаар сарын 06-ы өдөр А.Гансүх Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаас дэвшиж, сайд болсон. Энэ үед Х.Баттулга өөрийн хүмүүсээ яамныхаа эрх мэдэл бүхий албан тушаалд томилоод байсан.
Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар Баянгол зочид буудлын менежер байсан н.Цэрэнчимэг гэж эмэгтэй томилогдсон.
Х.Баттулгын жолооч байсан Б.Батзаяаг Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар
Б.Бат-Эрдэнийг томилсон. Б.Бат-Эрдэнэ бол А.Гансүхийн хамгийн ойрын хүн. Өнөөдөр энэ хүнийг эрэн сурвалжлаад олдохгүй байгаа.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн менежерээр А.Зориг томилогдсон. Энэ хүн Б.Батзаяагийн дотны найз. Ингээд ойр дотны хүмүүсээ мөнгөний мэдэлтэй албан тушаалд томилсон. Эд нар 55 тэрбум төгрөг шамшигдуулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
А.Гансүхэд 2015 онд хэрэг нээсэн ч З.Болдбаатар шүүгч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. З.Болдбаатар бол лифтэнд оцгонодог Б.Баасанцогтоос мөнгө авсан, хамтдаа лифтний бичлэгт гарч байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр шүүх хурал болж, С.Соёмбо-Эрдэнэ шүүгч А.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр С.Соёмбо-Эрдэнэ Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсон.
Прокурор дээр хаагдсан гэмт хэрэгт шинээр үүссэн нөхцөл гэдгээр дахин сэргээх боломжтой учраас би АТГ-т хандаж байна.
Б.Баасанцогт, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нар хонгилыг метро болтол нь цэцэглүүлсэн. Иймд З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нарын шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, 55 тэрбум төгрөгийн хэргийг сэргээх хэрэгтэй. Өнөөдөр “Чингис” хааны нэр барьж авсан зээл өр болж үлдсэн. Иймд энэ хэдэн хулгайч нарт хариуцлага тооцох ёстой.