ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өнөөдрийн байдлаар 0-17 насны хэчнээн хүүхэд халдвар аваад байгаа вэ. Халдвар авсан хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодруулж өгнө үү?
-Өнөөдрийн байдлаар 0-17 насны 1620 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувийг эзэлж байгаа юм. Дээрх хүүхдүүдийн 1601 нь дотоодод халдвар авсан бол 22 нь эцэг, эхтэйгээ гадаадаас чартер нислэгээр ирсэн тул зөөвөрлөгдсөн тохиолдол гэж бүртгэжээ.
20-оос доош насныхан коронавируст халдвараар хөнгөн өвчилж буй. Тиймээс халдвар авсан хүүхдүүдийн хувьд ямар нэг байдлаар биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол байхгүй.
-ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих төвд гарсан халдварт хэчнээн хүн өртөөд байна вэ?
-Саатуулах байранд гуравдугаар сарын 23-нд халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн. Үүний мөрөөр судалгаа хийж 119 хүнээс халдвар илрүүлсэн. Тухайн үед саатуулах байранд байсан хүмүүсийн 48 хувиас халдвар илэрсэн. Саатуулах байрны орчин хаалттай учраас халдвар маш хурдтай тархдаг. Тиймээс хаалттай орчинд халдвар гарахаас сэргийлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар бусад хорих ангид халдвар гараагүй байна.