Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь даргадаа зодуулсан хэрэг гуравдугаар сарын 29-нд гарсан. Тэрбээр хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь биеийн байдал нь сайжралгүй, өнгөрсөн шөнө нас баржээ. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
"Байлдагч нь энэ сарын 29-ний шөнийн 01.39 минутад биеийн байдал нь хүнд, ухаангүй комын байдалтай хүргэгдэн ирсэн"
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Хандмаа: Байлдагч нь энэ сарын 29-ний шөнийн 01.39 минутад биеийн байдал нь хүнд, ухаангүй комын байдалтай хүргэгдэн ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15 цагийн үед нас барсан. Нас барах үедээ тархины цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдал, уушгины хатгалгаа, үгжил хөгжлийн шок гэсэн оноштой нас барсан. Бид биеийн байдлыг нь үнэлж, эмийн эмчилгээ хийж байсан" гэлээ.
Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан. Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г байлдагчийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хэрэгт холбогдогчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд 15:00 цагт ЦДБЭЧ-ын Соёмбо танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болоод байгаа юм.