Өнөөдрийн ЭМЯ-ны 11:00 цагийн хурлаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр Ковидоос болж эмнэлгийн ачаалал нэмэгдвэл эргээд өөр өвчнөөр хүмүүс амиа алдах эрсдэл үүсэж болзошгүйг хэллээ. Тиймээс хязгаарлалтын дэглэм тогтоох саналыг ЭМЯ-наас гаргасан гэв.
Тэрбээр "Засгийн газар дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэхээр яг одоо хуралдаж байна. Эрүүл мэндийн яамнаас ч саналаа гаргасан.
Иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлгүүд өрнөөд эхэллээ. Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол өдөрт бүртгэгдэх өвчлөлийн тоо хэдэн мянгаар хэмжигдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Нөгөө талаас бид эрүүл мэндийн салбараа бодох ёстой. Эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь Ковид-19 өвчин рүү зүтгүүлэх үү эсвэл бусад эрсдэлийн харьцаагаа тооцох уу гэдэг бэрхшээл байгаа юм. Эрүүл мэндийн салбар үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Ингэхийн тулд эмч ажилчдын нөөц бололцоонд тулгуурлах ёстой. Гэвч монгол эмнэлгийн ажилчдын нөөц хязгаарлагдмал учраас тодорхой арга хэмжээ авахаас өөр аргагүй байна.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа бодож байгаа ч иргэдийн амь нас эрүүл мэндийг давхар бодох ёстой. Ийм учраас Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж эергээр хандахыг уриалж байна.
Нөгөө талаас та бүхний дэмжлэг эргээд олон хүний амь насыг аврах боломжийг нээх юм шүү. Ковидоор өвчилсөн хүмүүсээ бүх эмнэлэгтээ аваад эхэлбэл эргээд бусад өвчнөөр амь насаа алдах нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас үүн дээр учиртай бодох зайлшгүй шаардлага байна" гэлээ.