Даваа гарагийн өглөө Манхэттэн дүүрэгт 65 настай Ази эмэгтэйг нэг эрэгтэй зэрлэгээр зодсон хэрэг гарсныг Нью Йорк хотын цагдаагийн газар мөрдөж эхэлжээ.
Хяналтын камерт уг үйл явдал бичигдэж үлдсэн байна. Цагдаагийн газрын мэдэгдэлд уг хэрэг гарах үеэр ойролцоох супермаркетын хамгаалагч туслах арга хэмжээ авалгүй хаалгаа хаагаад өнгөрсөнд харамсаж байгаагаа дурджээ.
Хохирогч эмэгтэй биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээд энэ эмэгтэй рүү хашхирч, газар унахад нь дэвслэн зодож байсныг харсан хүмүүс гэрчилжээ.
Халдлага үйлдсэн этгээдийн камерны бичлэгт үлдсэн зургийг цагдаагийн газар сошиал сүлжээнд тарааж, иргэдээс мэдээлэл өгөхийг хүссэн байна.
Даваа гарагт Нью Йорк хотын цагдаагийн газар тус хотын метронд гарсан өөр нэг гэмт хэргийн дүрс бичлэгийг нийтэд тарааж, гэмт этгээдийг олоход туслахыг хүмүүст уриалжээ.
Уг бичлэг дээр Ази гаралтай эрэгтэйг нэг этгээд боож унаган зодож байгаа нь гарсан байна.
Нью Йорк хотод энэ он гарсаар Ази гаралтай хүмүүст халдсан 31 гэмт хэрэг бүртгэгджээ. 2020 оны мөн үед 11 ийм хэрэг бүртгэгдэж байсан гэнэ.
Саяхан тус хотын цагдаагийн газар Ази гаралтай цагдаагийн албан хаагчдыг энгийн хувцастай эргүүлд гаргах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон юм.