Өчигдөр Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан тус улсын 16 мужийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдсаны дараа 60-аас доош насныханд AstraZeneca вакцин тарихыг хязгаарлах шийдвэр гаргасан талаар ВВС мэдээллээ.
Уг вакциныг 2.7 сая орчим хүнд тарихад цусны бүлэгнэлийн 31 тохиолдол бүртгэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Бараг бүх тохиолдол нь дундаас доош насны эмэгтэйчүүдээс илэрсэн аж.
Германы засгийн газрын шийдвэрээс өмнө Канад улс мөн 55 хүртэл насныханд AstraZeneca вакцин тарихыг түдгэлзүүлсэн юм. 300,000 иргэнээ уг вакцинаар дархлаажуулаад байгаа Канад улсад цусны бүлэгнэлийн тохиолдол илрээгүй ч Европт гарсан тохиолдлуудын улмаас түдгэлзүүлжээ.
Германы 60 хүртэл насны иргэд AstraZeneca вакциныг тариулах боломж нээлттэй ч өмнө нь эмчтэй зөвлөлдөж, эрсдлийг сайтар үнэлсний дараа шийдвэр гаргахаар болсон байна.
Канцлерь Ангела Меркель дархлаажуулалтын хөтөлбөрт нь ашиглагдаж байгаа вакцин бүрийг сайн шалгаж, эргэлзээг арилгах ёстойг өчигдөр хэлсэн үгэндээ онцолсон юм. 66 настай Меркель өөрийнх нь ээлж ирэхэд AstraZeneca вакциныг тариулахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.
Энэ сарын эхээр Европын олон орон цусны бүлэгнэл үүсгэдэг шалтгаанаар AstraZeneca вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түдгэлзүүлж байв.
Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA вакцины эрсдлийг харьцангуй бага гэж дүгнэсний дараа ихэнх орнууд дахин ашиглаж эхэлсэн юм.
Франц улс AstraZeneca вакциныг 55-аас дээш насныханд тарихыг мөн хязгаарлаад байгаа.
Өчигдөр Италийн ерөнхий сайд Марио Драги ард иргэдийнхээ итгэлийг нэмэгдүүлэхийн тулд гэргийн хамт AstraZeneca вакцины эхний тунг хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө тариулсан юм.