Сэтгэл гутралд орох шалтгаанууд, түүнийгээ хэрхэн даван туулах, сэтгэл заслын эмчилгээний талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Ц.Саранцацралтай ярилцлаа.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч Ц.Саранцацрал: Сэтгэл гутралд орох өвчин нь дотоод шалтгаантай өвчин. Нийгмийн хүчин зүйл, сэтгэл зүйн байдлаас болоод ямар ч шалтгаанаар сэтгэл гутралд орж болно. Ер нь шалтгаан нь тодорхойгүй. Зарим үед ямар нэгэн хүчин зүйлтэй байдаг. Хайртай дотнын хэн нэгнээ алдах,санхүүгийн асуудалд орох гэхчлэн гэнэтийн сэтгэл гутралд орох хүчин зүйлээс хамаараад сэтгэл гутралд орж болдог. Тухайн хүн сэтгэл гутралд орлоо гэхэд маш их сэтгэлээр унаж эхэлнэ. Аливаад ямар ч идэвхгүй болно. Хоолны зуршил буурна. Ажлын бүтээмж муутай болоод уйтгарлах гуниглах зэрэг шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр хамгийн түрүүнд илэрнэ. Хамгийн эхэнд илэрсэн шинж тэмдэг нь нойрны хямрал. Нойрондоо муу болж эхэлнэ. Хүнд хэлбэрээр илрэхээрээ энэ нь улам даамжраад тухайн хүн ямар ч идэвхгүй ганцаардмал, зожиг, өөрөөсөө бусдыг тусгаарлаад ажилдаа ч явахгүй, хичээлээ ч хийхгүй гэхчлэн нийгмийн ямар ч харилцаанд орж чадахгүй болж хувирдаг.
Хөнгөн сэтгэл гутралд орсон тохиолдолд муу мэдээнээс аль болох хол байх, цахим орчноос янз бүрийн мэдээ олж уншихгүй,боломж гарвал өөрийгөө идэвхтэй байлгах хэрэгтэй. Дуртай юмаа хийж гэр бүлийн уур амьсгалаа сайжруулна. Бусадтайгаа нээлттэй сайн ярилцаж өөрийгөө нээж харуулна. Нойрондоо сайн болох үүднээс дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон бол эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хөнгөн сэтгэл гутралын үед сэтгэл зүйчтэй холбогдож зөвлөгөө авч болно. Хамгийн түрүүнд сэтгэл гутралд орж байгаа шалтгаануудаа олох хэрэгтэй. Юунаас болоод байна гэдгээ мэдэх нь зүйтэй. Нийгмийн хүчин зүйлээс болоод байна уу эсвэл шалтгаангүй байна уу гэдгээ мэдэх ёстой. Мэдээж шалтгаанаа олсон тохиолдолд тухайн шалтгаанаасаа аль болох зайлсхийх, өөрийгөө идэвхтэй байлгахын тулд нийгмийн харилцаанд орох хэрэгтэй. Мөн өөрийн дуртай юмаа хийж, дасгал хөдөлгөөн, ном унших нь зүйтэй.