Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч цэргийн даргадаа зодуулж, хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа. Ердөө өчигдөр буюу гуравдугаар сарын 29-ны өдөр энэхүү мэдээлэл олон нийтэд тарж, түүний гэр бүлтэй хүртэл уулзсан байдаг. Мөн тухайн хэргийн талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр хэвлэлд тайлбар хийсэн.
Тэрбээр “Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Гарсан асуудлыг мэдсэн даруйдаа ЗХЖШ-аас шуурхай арга хэмжээ авч, байлдагч Б-д анхан шатны тусламж үзүүлж, яаралтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Одоогоор байлдагчийн биеийн байдал хүндэвтэр, тогтворжуулах буюу тайвшруулах, биеийн амин дэмүүдийг дэмжих эмчилгээ хийж байна. Үүний дараа Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлж, шаардлагатай мэс засал, эмчилгээг шат дараатай хийнэ” гэлээ.
Үнэндээ холбогдох албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хэрэг гарсан даруй хэвлэлээр “попрох” боломжтой болдог. Тухайн цаг үедээ “попорсоор” энэ асуудал дахин сөхөгдөхгүйгээр мартагддаг. Ийнхүү хүүгээ эр цэрэгт мордуулсан эцэг эхчүүд бүтэн нойртой хонож чадахгүй бололтой.
Тухайн хэргээс өмнө хэд хэдэн аймшигт хэрэг гарч байсан юм. Үүнийг танд дахин сануулъя.
2011 он 8-р сар “Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан С.Батбаяр сэхээнд ухаангүй байсаар өчигдөр өвчнөө даалгүй амиа алдлаа. Түүнийг цэргийн албанд татагдаж ирээд удаагүй байхад нь хал цэргүүд “Цэрэг хүн байна. Ганц цохиулчих” хэмээн дарамтлан зодсоор биед нь хүнд гэмтэл учруулжээ”
2019 он 1-р сар “2019 оны 1-р сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ зодуулсан гэж үзэж байна”
2020 он 5-р сар “Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б зодуулж хүнд гэмтэн, Улаанбаатарт иржээ”
2021 он 2-р сард “Сошиал орчинд шинэ цэргээ дарамталж, зодож буй бичлэг тарсан. Тухайн үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоожээ”
Ийнхүү эр цэргийн албаа хашиж буй нандин хөвгүүдийн аймшигт хэрэг дахин дахин гарсаар л байх уу. Бид өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэгчээр хэзээ хойно нь уучлалт гуйн мэхийн зосгох ёсгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 18 наснаас дээш эр хүн бүр цэргийн алба хаших үүрэгтэй гэж заасан. Харин үүргээ гүйцэтгэсэн цэрэг хөвгүүдийг ээлж дараалан тамлан зовоож байгаа эдгээр “ухамсаргүй” цэргийн ангийн дарга, цэрэг эрсээ бид хэрхэн зөв хүмүүжүүлэх ёстой вэ?
Маш олон асуултын хариултыг хэлэх хүн одоогоор нэг ч үгүй. Түүнчлэн өмнө болсон хэргүүд бүрэн шийдэгдэлгүй дараагийн дуулиант хэрэг гарах нь Монгол Улсын цэргийн анги нэгтгэлүүд ямар их "ялзарсан"-г харуулсаар л байна.
Эх орноо хамгаалхаар цэрэгт мордсон эрчүүдийн эрүүл мэндийг хаанаас нэхэх вэ. Эр цэргийн алба энэ хэвээр урагшилбал цэрэгт явах нэг ч эр Монголд үлдэхгүй бололтой.